Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тамирчид та бүхний эрмэлзэл бол алтан медаль байх ёстой

600x600

Холбооны Бүгд Найрамдах Бразиль Улсын Рио де Жанерео хотноо 2016 оны наймдугаар сарын 5-21-нд болох Зуны олимпийн 31-р наадамд Монгол Улсаас жудо бөхийн төрөлд 13, чөлөөт бөхийн төрөлд 10, боксын төрөлд 6, хөнгөн атлетикийн төрөлд 5, буудлагын спортын төрөлд 3, байт харвааны төрөлд 1, хүндийн өргөлтийн төрөлд 1, таэквандогийн төрөлд 1 тамирчин эрх авч, усан спортын төрөлд 2 тамирчин урилгаар оролцохоор болоод байна. Ийнхүү Монгол Улсыг төлөөлж зуны олимпийн наадамд спортын 9 төрөлд 42 тамирчин оролцохоор болжээ.

Мөн 9 дүгээр сарын 7-18-нд паралимпийн 15 дугаар наадамд пара байт харвааны төрөлд 3, пара жудо бөхийн төрөлд 2, пара буудлагын төрөлд 1, пара хөнгөн атлетикийн төрөлд 1, пара паэрлифтингийн төрөлд 1 тамирчин эрх авч, спортын 5 төрлөөр 8 тамирчин оролцохоор болсон байна.

Эдгээр тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Эзэн Чингис хааны талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: хэлэхдээ “Эрхэм хүндэт ард иргэдээ,

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Энд хуран цугларсан нийт тамирчид, дасгалжуулагчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Өнөөдөр Монгол Улсын хувьд, Монголын ард түмний хувьд сайхан баярт үйл явдал болж байна. Монголын ард түмэн их бэлгэшээлтэй ард түмэн. Охид хөвгүүдээ алс хол явахад нь сайхан үдэж гаргаж өгдөг ард түмэн. Цэрэгт, сургуульд, гадагшаа явахад нь үгийн хатууг хэлж, өөрийнхөө захиасыг хэлж үддэг ард түмэн. Өнөөдрийн хувьд  олимпийн наадамд явах гэж байгаа тамирчид, энэ багийг үдэж явуулахаар талбай дээрээ хуран цугларсан байна.

Энэ жил Монгол Улсын түүхэнд хамгийн олон тамирчин зуны олимпод оролцохоор болж байна. Зуны олимпийн наадамд 42 тамирчин есөн төрөлд оролцоно гэж би ойлгож байна. Найман тамирчин параолимпийн наадамд оролцох гэж байна. Ингээд нийтдээ 50 тамирчин шөрмөстэй, чадалтай, оюунтай, ухаантай тэр хүмүүстэй өрсөлдөхөөр Монгол нутгаасаа хүлгийн жолоо залах гэж байна. Та бүхний очих газар, үлдэж байгаа 16 хоногт хийх зүйл маш их байгаа.  Иймээс та бүхэн нэг, хоёр хоногийн өмнө ч гэсэн очих газраа очиж, бэлтгэлээ хангаж ажиллахыг хүсч энэ боломжийг олгосон гэдгийг хэлэх нь зөв байх.

Манай олимпийн тамирчид, дэлхийн олимпиос медаль авсан тамирчдад төрийн хайр халамж, магтаал, ард түмний хүндлэл багадаагүй. Одоо та бүхнээс Монголын ард түмэн их зүйл хүлээж байгаа. Монголын төр их зүйл хүлээж байгаа. Монголын ард түмэн тамирчдаа алган дээрээ бөмбөрүүлж авч явдаг ард түмэн. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй. Өгч ирсэн. Монголын ард түмэн халааснаасаа мөнгө төгрөгөө, гаргах ёстой бүх зүйлийг төсвөөсөө гаргасаар ирсэн. Манай олимп, дэлхийн олимпийн төрлөөр медаль авсан тамирчид насан туршдаа Монголын ард түмнээс, Монголын төрөөс тэтгэлэг авч байгаа. Нийтдээ дөрвөн жилийн турш  авч явж байгаа.

Ингэж Монголын ард түмэн, Монголын нийт иргэдийн зүгээс миний охин, хүү дэлхийн олимпиос медаль аваад ирэх юм бол насан туршийн дэмжлэгтэй болох юм байна. Ард түмэн ингэж харж үзэж байгаа юм байна гэсэн ойлголт бий болсон. Энэ бүх ойлголт сүүлийн 4-5 жил үргэлжилж, манай олимпод эрх авах тамирчдын тоо нэмэгдсэн.

Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Халаасандаа байгаа эцсийн мөнгийг та бүхэнд л зориулж гаргаж өгч байгаа. Та бүхнийг Монголынхоо нэрийг гаргаад ир гэж өгч байгаа юм.

Манай тамирчид юугаараа бусдаас ялгарах вэ?

Монгол хүн гэдгээрээ л ялгарна. Монгол гэдгээрээ та бүхэн эхлээд ялгарах ёстой. Хоёрдугаарт хувийн зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Хувийн сахилга батаараа ялгарах ёстой. Ингэж байж та бүхэн илүү амжилтад хүрнэ. Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Өмнөх олимпиудаас бараг 2 дахин олон тамирчин явж байгаа. Монголын ард түмэн, Монголын төр 2 дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй. Үүнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхнийг харж энд хүрэлцэн ирсэн Монголын ард түмнээ төлөөлж хэлж байна. Та бүхэн өндөр амжилттай ирэх ёстой.

Та бүхний эрмэлзэл бол алтан медаль байх ёстой. Та бүхний эрмэлзэл бол шар өнгө байх ёстой. Өмсч яваа хувцас, явж байгаа алтан шар зам энэ бүхнийг бэлгэдсэн тэр өнгөний төлөө, тэр медалийн төлөө та бүхэн зүтгэх ёстой.

Та бүхэн амжилтаа гаргаад хүрээд ирэхэд манай ард түмэн сайхан хүлээж авна. Та бүхэн амжилтаа гаргаад хүрээд ирэхэд аав ээж, төрөл садан, багш дасгалжуулагч, харж байгаа бүх хүмүүс сайхан хүлээж авна. Энэ бол гайхамшигтай үйл явдал.

Хоёр том тивийн төр, засгийн тэргүүнүүдийг цуглуулсан АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Монголын ард түмэн сайхан зохион байгуулсан. Сайн ажилласан. Би ард түмэндээ асар их баярлаж байгаа. Монголчууд чадлаа. Монгол Улс чадлаа. Монголын ард түмэн чадлаа. Бид үүнийг харуулж чадсан. Одоо олимпийн тамирчид маань үүнийг нотлох ёстой. Нотолно гэж итгэж байна гэдгийг та бүхэндээ дахин хэлье. Ард түмнийхээ итгэлийг алдаж болохгүй шүү.

Саяхан ОХУ-ын Саха хотод болсон хүүхдийн олимпийн наадмаас манай хүүхдүүд 48 медальтай ирсэн. Манай яруу алдарт, гайхамшигтай тамирчдын залгамж үе гарч босч байна. Миний хүүхдүүд та нарт баяр хүргэе.

Сайхан мэдээ дуулгая. Сая ОХУ-ын Ерөнхий сайд ирээд надтай уулзаад гарын үсэг зурсан. Сая Саха хотод болсон хүүхдийн олимпийг Монгол Улс 2020 онд эх орондоо, Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан. Энэ сайхан мэдээг та бүхэнд дуулгая. Бид хүүхдийн олимпийнхоо эрхийг авсан. 2020 онд зохион байгуулж чадна.

Миний Монголын газар шороон дээр, миний ард түмэн нэг л өдөр олимпийг хүлээж авах чадалтай, чадвартай, ийм болно гэж би байнга итгэдэг. Ийм боломж Монголын ард түмэнд байгаа. Энэ цаг хугацааг бид ойртуулахын төлөө, энэ аугаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бид зүтгэх ёстой. Энэ бүхний өмнө явах ёстой улсууд бол манай тамирчид та бүхэн байгаа.

Ингээд та бүхэн минь бидний итгэлийг, Монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэдэгт би бүрэн итгэж байгаа. Энэ итгэлийг алдахгүй хүрч ирээрэй.

Төрийнхөө дууллыг аль болох олон эгшиглүүлээрэй гэж хүн бүхэн хэлж байгаа. Монголынхоо нэрийг аль болох олон удаа гаргаарай. Дахин хэлье, хувийн зохион байгуулалт чухал. Хувийн сахилга бат чухал шүү.

Би Лондоны олимп эхэлсэн өдөр очиж байсан. Лондоны олимпийн маргааш манай тамирчид ямар байдалтай байсныг би харж байсан. Эхнийхээ ялагдлыг аваад ямар байдалд орсон байсныг би өөрийн биеэр, өөрийн зүрх сэтгэлээр харж байсан. Бүгдийнх нь халуун гарыг атгаад, зоригжуулаад тэнд зогсож байсан. Дахиад та нар медаль авна. Юундаа эхний өдрийн ялагдалд ингээд байгаа юм бэ. Эхний ялалт ч байсан, ялагдал ч байсан, юу ч байсан хамаагүй. Дараагийн та бүхний ялалтын эхлэл байх болно. Сэтгэлээр унаж болохгүй. Сэтгэлийн хаттай байх ёстой. Монголчууд сэтгэлийн хатаараа бусдаас ялгарах ёстой шүү. Хувийн зохион байгуулалт, сахилга батаараа бусдаас ялгарах ёстой.

Ингээд сайн яваад ирээрэй. Монголын ард түмэн харж байгаа. Монголын төр харж байгаа. Төр, ард түмнийхээ итгэлийг биелүүлээд, эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад эргээд монгол газар нутагтаа сайн хүрээд ирээрэй. Та бүхэндээ амжилт хүсье.

Хурай, хурай, хурай” гэлээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …