СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг барих ажил эхэллээ

DSC_4149(1) (1)

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 сарын 10-ны өдөр АХБ-тай 2011-2016 онд хэрэгжүүлэх  “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг 14 сая ам.долларын  буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой мэс засал, төрөхийн өргөтгөл барих, хуучин барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаанд нийт 10 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөж байсан.

УИХ 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтийг баталж,  дүүргийн эмнэлгийг 7 ба түүнээс дээш эмнэлгийн төрөлжсөн тусламжийг хүргэх нэгдсэн эмнэлэг байхаар тусгаж,  СХД-т 200-300 ор бүхий загвар эмнэлгийг шинээр бүрэн барьж байгуулахад зориулан төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсны үр дүнд санхүүжилтийг 25 сая.долларын хөнгөлөлттэй зээлээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

    Энэ дагуу шинэ эмнэлэг барих газрыг чөлөөлөхтэй холбоотой нэгдсэн эмнэлгийн  туслах барилга, байгууламжийг нураах,  дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа газар дээр нь очиж танилцаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

     Тухайлбал тус эмнэлгийн гал тогоог шилжүүлэхэд зориулсан өргөтгөлийн санхүүжилтэд шаардагдах 32 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон бол,  эмнэлгийн  дулаан ялтсан узель, халаалт арматур  болон шугам хоолойг  СХД-т байрлах 103-ийн салбар төвийн  хонгилд шилжүүлэн байршуулах асуудлыг шийдвэрлэсэн юм.

    Шинэ жишиг эмэнлэг барих газарт үндсэн таван объект байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэгчээр “Хангилцаг” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд,  ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусган ажлаа хүлээлгэн өгөхөө тус компанийн ерөнхий захирал  Ц.Мягмарсүрэн  хэлж байлаа.

 Жишиг эмнэлэг нь эмнэл зүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий,  жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцсон байна. Мөн оношлогоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлэх зэрэг зөвхөн дэд бүтэц төдийгүй иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг С.Ламбаа сайд энэ үеэр онцлов.

     Дүүргийн жишиг  эмнэлэг ашиглатанд орсноор  Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн  иж бүрэн барилгыг  барих гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулахаар тендр зарлаад байна.

Энэхүү жишиг эмнэлэг байгуулахад АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын буцалтгүй тусламж нийт   31 сая ам.долларт багтаж  ирэх 2019 он гэхэд дуусган хүлээлгэн өгөх аж.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …