Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

13769604_564471240426119_9076513238916329408_n

 

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд хүчин зүтгэж буй цагдаагийн нийт алба хаагчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулсан Монголын орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа хойш улс орны нийгэм, төрийн байгууламжийн хөгжлийн бүхий л үе шатуудад хөгжин, бэхжиж эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож буй Монгол төрийн ууган байгууллагын нэг билээ.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн нэр төртэй биелүүлж ирснийг онцлон тэмдэглэж байна.
Цагдаагийн байгууллагын ариун эгнээнээс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг баатарлаг үйлстнүүд, алдар гавьяатнууд, урлаг, спортын сайчууд олноороо төрөн гарч, байгууллагынхаа түүхийг улам баяжуулж ирснийг бахархан хэлэхэд таатай байна.
Бид түүхэн уламжлал, хуримтлуулсан туршлагаа бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, орчин үеийн техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллахаа илэрхийлье.
Төр түвшин, түмэн олон минь амар амгалан байж, Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь цагаан шонхор шигээ өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …