Бид 3D дэлгэцтэй танилцаад нэг их удаагүй байгаа. Бодит мэт, дэргэд нь байгаа мэт дүрслэлийг кино театрт анх үзэж, “соёлын шок”-нд орж байсан үе минь саяхан мэт. Гэвч технологийн дэвшил гүйцэгдэхээргүй хурдтай бид хөл нийлүүлэн алхсаар л байна. Тухайлбал, өнөөдөр Шангри-Ла төвд “Өргөө синима” IMAX кино театрийн нээлт боллоо. IMAX гэдэг нь бидний танилцаад удаагүй байгаа 3Dдэлгэцийн дараагийн шат хэмээн энгийнээр тайлбарлаж болохоор. Ер нь маш том дэлгэц гэсэн анхны мэдэгдэхүйнтэй IMAX-ын кино танхимд орлоо.
Эхний сэтгэгдэл жүжигчин Цоомоогийн хэлдгээр “ваавлдаа” байв. Будаг ханхалсан цоо шинэ танхим, гэрэл, тав тух мэдрүүлсэн сандалууд, зохион байгуулалт, хамгийн гол нь тэр том дэлгэц өөрийн эрхгүй сэтгэл догдлуулсан юм. “Сод Монгол групп”-ын охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран IMAXтөслийг эхлүүлсэн байна. Улмаар Шангри-Ла төвд зургаан үзвэрийн танхим бүхий “Өргөө 3” кино театрийг байгуулаад байгаа юм.
Тэгвэл бидний шинэхэн танил IMAX гэж юу вэ?
Энэ асуултанд IMAX кино театрийн Ази Номхон далайн асуудал хариуцсан захиралJohn Schreiner “киног зөвхөн үзэх биш кино гайхамшгийн нэг хэсэг болох боломж” хэмээн энгийнээр тайлбарлалаа. IMAX кино театрийн танхимыг зөвхөн IMAXпатентын дизайны дагуу тохицуулдаг бөгөөд аль суудалд суусан ижил үзэгдэж, мэдрэгдэж байхаар анхаарч тохируулсан байдаг байна.
Дээр дурьдсан маш том дэлгэц гэдэг ойлголтыг кино үзвэр эвдэж чадлаа. Орчноос гадна дуу, дүрс гээд л ёстой л гайхамшгийг мэдэрлээ. Дэлхийд шинэд тооцогдох IMAX өнөөдрөөс Монголчуудын мэлмийг гэрэлтүүлэх нь. John Schreiner танилцуулгынхаа явцад үргэлж чанар, нэр хүндийн тухай ярьж байлаа. Үнэхээр л энэ том дэлгэцийг энэ дууг, энэ дүрслэлийг мэдрээд сууж байгаа хүн чанар, нэр хүндэд итгэхээс ч яах билээ.
Өргөө кино театрийн хамт олон дэлхийн соёлыг Монголдоо авч ирсэн “мундаг” ажил хийж чаджээ. Монголоосоо нэг их холдож үзээгүй бид мэтэд бахадмаар, биширмээр л санагдаж суулаа. Гайхамшиг өргөөд үргэжилсээр …
Л.Тамир