Өглөөний нар мандахтай зэрэгцэн урд хөршийг зорих гэсэн наймаачид хөл дүүжлэх унааныхаа тасалбарыг авахаар “Улаанбаатар төмөр зам”-ын билетийн кассын өмнө дугаарлан зогсоно. Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол зогсоод ч хүссэн тасалбараа авч чадахгүй тохиолдол бишгүй. Учир нь жилийн яг энэ үед буюу наймдугаар сараас есдүгээр сарын хооронд “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн суудлын галт тэрэгний тасалбар бараг л нүдний гэм болтлоо ховорддог болсоор нэлээд хэдэн жилийг ардаа орхисон. Хэдийгээр энэхүү ачааллын үед УБТЗ-аас нэмэлт галт тэрэг гаргадаг ч тасалбар нь мөн л олдохгүй, “ховрын бараа”. Гэхдээ ийнхүү ховрын бараа болгодог хэсэг бүлэг хүн байдаг тухай бидэнд ирсэн мэдээллийн дагуу нэгэн өглөөг төмөр замын билетийн кассын гадна угтаж, сурвалжилахаар шийдсэн юм. Тасалбарыг үнэ хүргэдэг шагчдыг билет борлуулагч, кассын дарга гэх мэт хүмүүсийн гар хөл бологсод нь байдаг хэмээн олон хүн хэлэх юм билээ.
Манай сурвалжлах хэсэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 6-ны өглөө 07:00 цагийн орчим УБТЗ-ын билетийн кассыг зорьлоо. Тасалбар түгээх байранд олон хүн бужигналдах бөгөөд тэдний дийлэнх нь “Улаанбаатар-Замын-Үүд”-ийн чиглэлийн суудлын галт тэрэгний тасалбар авахаар дугаарлан зогсоцгоох аж.
Харамсалтай нь биднийг очоод удаагүй байхад “Замын-Үүдийн билет дууссан” гэж дуулдав. Үндсэндээ өглөө эртлэн ирсэн хэдхэн хүн л хүссэн тасалбараа худалдаж авах бөгөөд хоосон хоцорсон зарим нь ундууцсан байдалтай хэд хоногийн дараах тасалбар худалдаж аваад гарцгаана.
Учир нь энэ өдөр тухайн чиглэлийн тасалбар дуусахад гурав хоногийн дараах тасалбарыг худалдаалж эхэлдэг. Хэрвээ яаралтай ажилтай эсвэл төлөвлөгөөнийхөө дагуу Замын-Үүдийг тухайн өдрөө зорихоор шийдсэн бол шагийн билет авахаас аргагүй.
Биднийг борлуулагчийн цонхны дэргэд зогсож байх үест ч үүнийг батлах мэт нэгэн залуу “Яаралтай ажилтай юмсан арга чарга байхгүй юу” хэмээн кассны худалдагч эмэгтэйг царайчлан зогсов. Хариуд нь эмэгтэй “Уучлаарай 14-ний л тасалбар байна. Худалдаж авбал ав, үгүй бол холд. Дараагийнх нь хүмүүс очерлоод байна” хэмээх таагүй хариултыг өглөө.
Эндээс нэгэнт өнөөдрийн тасалбар олж чадахгүйгээ ойлгосон өнөөх залуу өөр аргаар тасалбар олж авахаар шийдсэн бололтой шагийн тасалбар хаанаас олж болохыг кассчин эмэгтэйгээс асуухад “Би яаж мэддэг юм. Цаагуур чинь байж л байгаа байлгүй” хэмээн аашлав. Дараагийн хүн ч кассан дээр очиж мөн л өнөөх чиглэлийн тасалбар сураглах бөгөөд 12-ны буухиа галт тэрэгний тасалбараас нэлээд хэдийг худалдаж аваад явлаа. Энэ мэтээр иргэд хэд хоногийн дараах тасалбарыг олоноор нь худалдаж авсаар байсан юм. Ингээд бид тасалбар хайн ундууцан явах залуутай уулзан яриа өрнүүлж, хэрхэн ямар замаар билет авах гэж байгааг нь тодрууллаа.
Тэрбээр “Шагчдаас л олж авахаас. Уг нь өдөр болгон хэдэн тасалбар гаргадаг ч өнөөдөр эрт дуусчихсан байна. Жаахан эрт ирсэн бол авчих л байлаа. Одоо яах вэ сураагүй юм биш, шагийн тасалбар л хайна даа. Уг нь миний таньдаг эгч бий. Энэ хавиар л байх ёстой. Арай гайгүй үнээр авчихдаг юм.
Ядаж байхад шагийн билетийн үнэ одоо тэнгэрт хадчихсан үнэтэй байгаа. Үндсэн үнээсээ бараг нэг дахин нугардаг байх шүү. Үнэтэй ч гэсэн яалтай ч билээ худалдаж авахаас” гэсээр цааш явсан юм.
Билетийн кассын гадна хэд хэдээрээ бөөгнөрөн зогсох таксичид болоод шагчид их л найз бололтой энэ тэрийг ярилцан инээлдэн зогсоно. Учир нь таксичид болоод шагчид нэг нэгэндээ үйлчлүүлэгч олж өгдөг бөгөөд тэр ч утгаараа их л найзархдаг аж. Тэдний хажууханд байрлах зайрмагны мухлагийн орчим шагчид зогсож үүгээр түүгээр билет хайн холхих хүмүүсийг ажин зогсоно. Билетийн кассын ойролцоо бохь, чихэр зэрэг жижиглэнгийн бараа зарж, утсаар яриулдаг хүнээс шагийн тасалбар хаана зарж болохыг асуухад өөрт нь тасалбар байгаагаа хэлээд ямар чиглэлийн тасалбар авахыг асуусан юм.
Замын-Үүд явах галт тэрэгний тасалбар л хэрэгтэй байна гэхэд “Нийтийн вагоны өнөөдрийн тасалбар байна. Үнэ нь 25 мянган төгрөг” гэлээ. Уг нь энэ тасалбарийн үндсэн үнэ нь 10 мянга 400 төгрөг байдаг.
Түүнчлэн өнөө оройны буухиа галт тэрэгний купены тасалбарыг 80 мянган төгрөгөөр зарж байсан. Уг нь купены тасалбарын үндсэн үнэ нь 39 мянга 200 төгрөг. Шагчид иймэрхүү ачааалал ихтэй үед ийн амандаа орсон тоог хэлж урд хөршөөс хямд үнээр “шоппинг” хийх гэсэн иргэд наймаачдыг хөөрхөн гэгч нь шулдаг бололтой.
Энэ мэтээр шагийн тасалбар зарж мөнгө олдог нэлээд хэдэн хүн вокзал хавиар эргэлдэж тасалбар хайн яарч сандарсан нэгнийг “тоочиглон” наймаагаа явуулдаг аж.
Таскины жолоочтой буу халан зогсох нэгэн шагчнаас өнөөдрийн Замын-Үүдийн тасалбар хаанаас олж болохыг нь асууж, тасалбар хайсан хүний дүрээр очиж ярилцлаа.
-Таньд өнөөдрийн Замын-Үүдийн тасалбар байгаа юу. Яаралтай хэрэг болоод байна?
– Нийтийн вагоных нь л байна. Хэд хэрэгтэй юм бэ?
-Таньд хэд байгаа юм бэ. Аль болох олон л хэрэгтэй байна. Олуулаа яваа юм аа?
-Яг хэд юм. Одоо бол тав л байна. Яг авна гэвэл олоод өгч болно.
-Таваас олон л хэрэгтэй байна даа. Та хэдийг олж чадах вэ. 30-ийг олж чадах уу. Ангиараа яваа юм?
-Тийм олуулаа явах гэж байсан юм бол урьдчилаад захиалчихгүй яасан юм бэ.
-Сайн мэдэхгүй болохоор шууд авчихдаг л юм болов уу гэж бодлоо. Тэгсэн байдаггүй?
-Кассан дээр бол одоо байхгүй. Тийм олныг олох ч хэцүү л дээ. Гэхдээ яах вэ нэг хүнтэй яриад үзье. Гэхдээ нэлээд үнэтэй болно шүү.
-Яг хэдэн төгрөгөөр зардаг юм бэ?
-Нэг тасалбар 25 мянган төгрөг байгаа. Гэхдээ та нар олуулаа юм чинь эндээс биш Амгалан өртөөнөөс сууна шүү. Нэр, регистрийн дугаар нь зөрөх болохоор эндээс оруулахгүй. Зүгээр биз дээ.
– Галт тэргэнд суусны дараа ямар нэгэн асуудал үүсэхгүй биз дээ?
-Зүгээрээ. Ямар нэг асуудал үүсэхгүй. Ахад нь суух вагонд чинь таньдаг хүмүүс байгаа. Захиад суулгачихна, санаа зоволтгүй. Харин тасалбарыг чинь одоо нэг хүнтэй яриад олоод өгье. Хүлээж байгаарай. Өөр хүмүүсээс асуувал бүр их үнэтэй хэлнэ шүү.
-Найдвартай хүнтэй ярих юм байгаа биз дээ?
-Тиймээ ахад нь кассан дээр таньдаг хүн байгаа гэсээр утсаар ярин цааш явлаа.
Энэ хүний ярьснаар УБТЗ-ын билетийн кассын ажилчид шагчидтай хамтран ажиллаж хэн хэн нь ашиг олдог бололтой. Энэ талаар тодруулахаар дотогш орж билетийн кассын ээлжийн ахлах ажилтан Б.Орхонтой уулзсан юм.
-Ойрын үед ачаалал их байгаа бололтой. Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар хэднийг хүртэл дууссан байгаа вэ?
-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн үндсэн галт тэрэгний тасалбар 14-нийг хүртэл дуусчихсан. Угаасаа энэ үе хамгийн их ачаалалтай байдаг. Манайх уг нь өдөр бүр л галт тэрэг нэмж гаргаад байгаа. Гэсэн ч ачаалал буурахгүй л байна. Харин маргааш оройны /10-ны өдрийнхийг хэлж байна/ буухиа галт тэрэгний тасалбар бол бий. Харьцангуй өндөр үнэтэй болохоор хүмүүс тэр бүр худалдаж аваад байдаггүй юм. Гэхдээ өнөө оройных нь дуусчихсан л байна.
-Танай гадаа шагийн тасалбар зарж байгаа хүмүүс олон байна. Нэлээд өндөр үнээр зардаг бололтой. Тэд хаанаас аваад, шаглаад байдаг юм бэ?
-Уг нь бид байнга шагийн билет зардаг хүмүүсийг хараад таньдаг болчихсон. Тиймээс дугаарлаад ирэхээр нь зарахгүй гээд холдуулчихдаг юм.
-Тэгээд яаж аваад байдаг юм бол. Гадаа хэдэн арваар нь өндөр үнээр зарж байна шүү дээ?
-Тиймээ яаж ийгээд л худалдаад авчихсан л байх юм. Уг нь шагчдад зарахгүй байх гэж хичээгээд байгаа.
-Сая шагийн билет зарж байгаа хүнтэй уулзахад танай кассанд таньдаг хүн бий. Тэрнээсээ өнөөдрийн тасалбар олоод өгье гэж байна. Танай ажилчид өөрсдөө шагчдад билет өгөөд байдаг юм биш үү?
-Уг нь тэгэх ёсгүй дээ. Ямар сонин юм бэ. Манайх тэгж шагчдад билет өгөөд өндөр үнээр заруулдаг тохиолдол байхгүй ээ. Тэгж болох ч үгүй. Би лав наадхыг чинь мэдэхгүй. Яг ямар хүн тэгж байна.
-Гадаа шагийн билет зараад зогсож байгаа хүн?
-Энэ талаар би сайн мэдэхгүй юм. Шаардлагатай бол дээшээ /дарга нартаа гэж байгаа бололтой/ мэдэгдэж шалгуулах болно.
Ээлжийн ахлах ийн хэлээд ажлаа хиймээр байна хэмээн надтай ярилцахааас татгалзсан юм. Ямартай ч үүрийн таван жингээр тасалбар авахаар дугаарлан зогсож санаснаа аваагүй иргэд шагчдад шулуулсан нэгэн өглөө галт тэрэгний вокзал дээр ийнхүү эхэллээ.
УБТЗ-ын билетийн кассын гадна ийм үйл явдал зөвхөн энэ жил ингэж байгаа биш гэдгийг дээр дурьдсан. Сүүлийн жилүүдэд улам бүр гаарч буй билетийн шагчдийг чухам хэн, хэрхэн өөгшүүлж байгааг тус газрын Цагдаагийн хэлтэс болон УБТЗ-ын удирдлагууд анхааралдаа авах цаг аль хэдийн болсон. Гэсэн ч өөрсдийн нэмээгүй тасалбарын үнийг нь хөндлөнгийн хүмүүс нэмж ашиг олж байгаад хариуцлага тооцохгүй бол зөвхөн Замын-Үүдийн чиглэлээс болж бусад өртөөний иргэд ч хохирсоор байгааг дуулгах нь зүйтэй болов уу.
Өглөөний сонин
Х.Нарангэрэл