Бид “хятад” гэсэн шошгонд үнэн голоосоо дургүй улс. Гэхдээ “үнэн гол” гэдэг ойлголт тун явцуу юм. Тодорхой хэм хэмжээ, хэлбэр дүрс үгүй зүйл аж. Өчигдөрхөн “Хятад улс газрын хөрснөөс арчигдана” гэх гарчигтай мэдээний дор лайк /like/ дарж, “муу хужаа” хэмээн сэтгэгдэл бичиж байсан залуу өнөөдөр “Жек Магийн лекцний урилгыг хаанаас яаж олж авах вэ, туслаач та минь” гээд л бичээд сууж байна. Тэгэхээр яг хятадад дургүй биш байгаа юм. Ерөнхий дөө нийгмийн хандлагыг дагаад бусад нь дургүй гэвэл “аанхаан тийм” гэчихээд, дуртай гээд хошуураад эхэлвэл “би ч бас дуртай” гэх жишээний. Олон нийт гэдэг чинь өөрөө олонхоо дагадаг механизм л юм даа.
Гэхдээ энд хятадыг, Монголыг муулах гэсэн зүйл алга. Харин цахим хуудсан дахь ихэнх иргэд тархигүй амьдарч байгааг хараад эмзэглэх юм. Гол сэдэв рүүгээ орьё.
Саяхандаа Монголд Шангри-Ла зочид буудал баригдаж эхлэх үеэр. Амтай болгон энэ байгууламжийг муулж, хүүхдийн паркийн газрыг булаасан, хятадын компани гээд л ярьж, бичиж байсан санагдаж байна. Бүр Шангри-Ла нээлтээ хийсэн өдөр “Монголын хар өдөр байх болно” хэмээн нэр нөлөө бүхий эрхэм хүртэл хэлж байсан юмдаг.
Гэтэл Монгол Улсад зохион байгуулагдсан Ази, Европын 11 дүгээр уулзалтыг Шангри-Лад л зохион байгуулж, Монгол Улсын нүүрийг тахлалаа. Тэгсэн одоо бүгд “Дэлхийн зэрэглэл, гайхамшигтай сайхан байна, Монгол Улс хөгжиж байна” гэгчлэнгээр бичиж, өнөөх муулж байсан Шангри-Лагаа “тэнгэрт тултал” магтацгааж байх юм. Хачин улс шүү.
Энэ яахав. Өчигдрөөс цахим хуудсаар шуурч байгаа нэг сэдэв бол дэлхийн зах зээлд байр сууриа нэгэнтээ олсон сүлжээ дэлгүүр болох E-MART Улаанбаатар хотноо нээлтээ хийх гэж байгаатай холбоотой мэдээллүүд. Эерэг гэхээсээ сөрөг утга, агуулгатай мэдээлэл тун их явлаа. Бараа бүтээгдэхүүн үнэтэй, гадны байгууллага, Монголын хөрөнгө дотооддоо үлдэх ёстой ч гэх шиг.
Тийм л дотоодсог юм бол Итгэлт хамба руу, Манжуур руу өдөрт зуу зуугаараа аялж байхаар Амарбаясгалант, Хөвсгөл нуур руугаа аялж, Монголчууддаа хөрөнгө оруулалт хий л дээ. Тийм сэтгэл байхгүй хэрнээ шударга өрсөлдөөн бий болгох дэлхийн зэрэглэлийн үйлчилгээний салбар нээгдэх гэхээр “сонин, сонин” араншин гаргах юм. Хэн ямар зорилгоор бичиж байгааг нь ойлгож байна л даа. Мэдээж, монополь тогтоочихсон бизнесийг нь өөр компани орж ирээд эзэлчихвэл яаж ч олигтой байх билээ. Тиймээс Монголчуудын хамгийн дургүй “хятад” гэх шошгоор дайралт хийж үзэж байна.
Үүний оронд бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, хөөсөрсөн үнээ буулгаад эхэлвэл бид ч бас Монголоо гэсэн сэтгэлээр хандаж болох л байх. Монгол нэртэй бидний шулсан арга хэмжээнээс залхаж байна шүү дээ. KFC, Burger King гээд гадны шошготой олон байгууллага нээлтээ хийлээ. Харин үйлчлүүлэгчдээ хоносон хоол халааж өгөөд сууж байсан сүлжээ ресторанууд хаалгаа барихад хүрэв. Энэ бол “Чад эсвэл үх” гэдэг өрсөлдөөний хуулиар зохицуулагдаж буй асуудал.
Тэгвэл яг ийм өрсөлдөөн банкны салбарт бас хэрэгтэй байгаа юм. Мэдээж асар их хөрөнгөтэй холбоотой асуудал учраас төрийн бодлогын хэмжээнд ч эсэргүүцэж мэдэх юм. Гэхдээ л иргэдээ зээлийн хүү, шимтгэлээр дарамталж байгаа үгсэн хуйвалдагч арилжааны банкнуудыг номхруулахын тулд гадны банк орж ирэх нэн шаардлагатай. Хэрэглэгчээ, үйлчлүүлэгчээ алдахгүй гэвэл хүүгээ бууруулж, шимтгэлээ тэглэнэ биз. Чадахгүй бол Л.Гүндалайн хэлдэгээр *** царайлаад явна л биз.
Иргэдээ бодоогүй дотоодын нэртэй олон байгууллагыг одоо бид бодоод л өрөвдөөд сууж байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Шударга сайхан өрсөлдөөн хэрэглэгчээ дээдлээд эхэлсэн тэр цагт хэнийг хэрхэн дэмжихээ олон нийт мэдэх л байх. Тэр болтол өрсөлдөөнд тэргүүлэгчийг л сонгох нь ойлгомжтой. Дээр хэлсэн дээ олон нийт гэдэг чинь олонхоо дагадаг механизм гэж.
А.Аюуш