Байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

DSC_3530

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин зохицуулагч хатагтай Биате Транкманыг /2016.07.27/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн жилүүдэд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хуль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хуралтай хамтран тодорхой төсөл хэрэгжүүлж ирсэнд баяртай байгаа, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Биате Транкман НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, Монгол Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Байнгын хорооны даргад мэдээлэл өгөв.

Дээрх төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах; иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх; НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэхэд чиглэгджээ. Мөн Улсын Их Хурал, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Эдгээр төсөл нь энэ оны сүүлчээр хэрэгжиж дуусах юм.

DSC_3535

Иймээс дээрх хоёр төслийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгүүдийг боловсруулаад байгаа юм байна. Уг төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Төслийн хамрах хүрээ нь үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ, баг, хорооны Нийтийн хурал, Улсын Их Хурлын Тамгын газар бөгөөд хэрэгжүүлэгч байгууллага нь Улсын Их Хурлын Тамгын газар байх юм байна.

Түүнчлэн төрийн албаны мэргэшсэн байдлыг хангах хууль эрх зүйн болон бодлогын орчинг бэхжүүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхийг сайжруулах, төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлыг үнэлэх иргэн төвтэй тогтолцоо бүрдүүлэх зорилтын үүднээс “Мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслийг боловсруулах явцад зүүн 5 аймаг, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөл, 8 аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй төслийн хэрэгцээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

DSC_3533

Байнгын хорооны дарга Н.Энхболд, Суурийн төлөөлөгч хатагтай Биате Транкман нар уулзалтын үеэр дээрх төслүүдийн баримт бичгийн боловсруулалтын явц, хэрэгжүүлэх арга зам, төслийг үр өгөөжтэй байлгахад хоёр талаас анхаарах асуудал болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах тоо баримт, шалгуур үзүүлэлтийг бүрдүүлэх, хийх ажлыг жил, жилээр хувааж тодотгох, салбар хоорондын болон төв, орон нутгийн уялдааг хангах, хөгжлийн санхүүжилтийг үр дүнтэй нь уях чиглэлээр тодорхой ажил хийгдэж байгаа талаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …