Эх орон, ард түмний төлөө гэх мэт маш сайхан үгийг уриа лоозон болгосон “эх оронч” гэсэн баг нүүрэндээ барьсан хөдөлгөөн нэртэй бүлэглэлүүд олширч. Тэдний бичсэнийг бүгдийг нь уншсан. Мухар сүсэгтэй мөргөлчин шиг санагдсан. Иргэний хөдөлгөөнүүд шинжлэх ухааныг бэрээ голсон хадам эхийн нүдээр харж байна. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж, газар шороогоо хамгаалах нь үндсэн хуулиар олгогдсон эрх мөн. Та эх оронч сэтгэлтэй, “чинхүү шудургуу” хүн байж болно. Гэхдээ мэдлэггүй шударга бол мэдлэгтэй луйрварчингаас дор гэдгийг бодох учиртай. Жагсаж, эсвэл хэвлэлийн хурал хийснээр эх орноо хамгаалахгүй. Гудамжинд жагсаж хашгирч амжилт олдог цаг нэгэнт өнгөрсөн. Энэ зуун бол оюун ухаанаар жагсахыг тулгаж байна. Ирж яваа цагийг төсөөлөн харж, бүтээгдэж буй технологийг эзэмшихгүйгээр хөдлөх аргагүй болж. Гадаадын төрийн бус байгууллагууд усгүй хүнд ус, хоолгүй хүнд хоол, өвдсөн хүнд эм дөхүүлж туслах юм. Монголын ТББ-ууд жагсах, хэвлэлийн хурал хийхээс өөр ажилгүй. Дорноговь аймагт мал хорогдлоо. Ганц ч шинжилгээ аваагүй, мэргэжлийн байгууллагад нэг ч удаа хандаагүй байж шуугиан тарьж, сенсаац дэгдээж, шинжилгээ хийж, учир шалтгааныг нь олохоор ажиллаж байгаа хүмүүсийг адлах маягтай. Сүүлдээ Улаанбадрахын малчдаар тоглох шинжтэй. Дорноговийн Улаанбадрахын асуудалд тус сумын дарга, багийн дарга нар ч буруутай. Тэд ажил үүргээ огт мэдэхгүй байна. Өөрийнхөө хийх ёстой ажлаа хэн нэгнээр хийлгүүлэх гээд суугаад байна. Уг нь бол тэднийг тэр сумын айл өрхөд тохиолдсон бэрхшээлийг шийдэх, өөрсдийн эрх мэдэл хүрэхгүй зүйлээ дээд газарт хүргүүлж шийдүүлэх гүүр болгох гэж сонгосон. Бүх асуудлыг биш юмаа гэхэд тулгарч байгаа асуудлын тухай ганц хоёр ном уншчихаж болно доо. Бүр болохгүй бол мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Гэтэл иргэний хөдөлгөөн нэртэй бүлэглэлтэй нийлчихсэн хэдэн малчдаа турхираад гүйж явна. Миний хувьд ч хөдөлгөөн байгуулж, малчидтай уулзаж асуудлыг нь шийдэхийн төлөө явж байсан цаг үе бий. Буйд нутагт түших хүнгүй мэт суугаа малчдад хэн нэгэн тус болъё гээд очиход ямар их баярладгийг би мэднэ. Гэхдээ тэнэмэл бадарчингийн хэсүүл үгэнд автаж тэнгэр мэт ухаанаа тэмээ туйлсан мэт уймруулвал тийм ч сайн зүйл авч ирэхгүй. Малчид маань малынхаа төлөө өөрсдөө л санаа зовж учир шалтгаанаа олохгүй бол хэн нэгнийг хараад нэмэргүй дээ. Галд элдэв зүйл санаатай, санаандгүй оруулснаас малын нүд өвдөх нь бий.
Цээртэй өдөр цагаан идээ, өөр бусад эд зүйл гаргавал малд догол гарах нь ч бий. Тэр бүү хэл ан гөрөө хийх, элдэв хараал зүхэл зэрэг сөрөг зүйлээс үүдэн мал олноор хорогдох тохиол ч бий. Жигүүртний болон амьтны хараал гэж бий. Энэ олон үйлээ сахиж чадсан эсэхээ тунгаахад илүүдэх юун. Малтай хүн малынхаа буянаар л амьдардаг. Буянаа та л сахихгүй бол хэн нэгэнд найдах ч тустай зүйл биш. 1993 онд мал хувьчлахдаа мал эмнэлгийг бас хувьчилсан. Тэд байшин машинаа зараад ганзагын наймаанд гарсан. Ингэж мал эмнэлэг дампуурсныг бүгд мэднэ. Мартагдсан мал эмнэлгээ 20 жилийн дараа гэнэт санаад орчин үеийн шинжилгээ нэхэж байна. 20 жил хаягдсан салбар зөв шинжлэнэ гэхэд би лав итгэхгүй. Гэтэл түүнд найдаад бүтэн долоон сар суулаа. Ямар ч шийдгүй. Одоо Цөмийн энергийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Кожеговь гурвыг шүүхэд өгөх л үлдлээ. Харин физикийн шинжлэх ухаан яривал их өөр ойлголт гарна. Дэлхийн 50 орчим улсын 1000 гаруй хиймэл дагуул сансарт эргэлдэж, эх дэлхийд мэдээлэл өгч байна. Бид хөөргөх тухай дөнгөж ярьж байна. Нар галактикийн төвөөс 32600 гэрлийн жил орчим зайд оршдог гэдгийг шинжлэх ухаан л хэлнэ. Галактикийн хэмжээ асар их. Түүний масс гэхэд нарны массаас наяд /1011 / дахин их. Бөмбөрцөг хэсгийн хөндлөн огтлол 50 мянга, зээрэнцгийн хөндлөн огтлол 100 мянга, зузаан нь 12 мянга орчим гэрлийн жилийн хэмжээтэй гэдгийг бид энгийн нүдээр баримжаалж чадах бил үү. Америкийн эрдэмтэн Хабблын бүтээсэн дуран авай түүнээс ч нарийн мэдээллийг эх дэлхийд өгч байна. Гамма цацраг, рентген цацраг, хэт ягаан туяа зэргийг бид энгийн аргаар мэдэх ямар ч боломжгүй. Тийм болохоор шинжлэх ухааныг дагахаас өөр аргагүй шүү дээ.