Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэгвэл энэ ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улсыг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.
Тус Элчин сайдын яам аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор БНИУ-ын Засгийн газраас аялал жуулчлалын тусгай бүсээр зарласан газруудын нэг болох Индонезийн Ява арал дээрх Бантэн мужид байрлах байгалийн үзэсгэлэнт “Танжунг Лэсунг” далайн эргийн бүсэд Монголын соёлын төв байгуулах тухай Индонез дахь Монгол Улсын соёлын элч Сэтионо Жуанди Дармонотой хамтарсан санаачилга гаргажээ.
Мөн өнгөрсөн 6-нд Соёлын төвийн шав тавих ёслол зохион байгуулж, 10-нд талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ төслийг Индонезийн Бантэн мужийн Баруун Явагийн Аялал жуулчлал хөгжлийн компани хэрэгжүүлэх бөгөөд бүх хөрөнгө оруулалтыг Индонезийн тал хариуцах аж. Монголын соёлын төвийн монгол гэр, тавилга хийх шалгаруулалтад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Уянгын гурван эрдэнэ” компани тэнцэж, ажлаа эхлээд байгаа юм байна.
Монголын соёлын төв энэ оны арваннэгдүгээр сард нээгдэж, индонезчууд болон гадаадын жуулчдад Монголын нүүдэлчдийн амьдралын хэв маяг, түүх, соёлыг танилцуулах аж.
breakingnews.mn