Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг холбогдох газуудад даалгалаа. Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн албадын харилцан ажиллагааны дадлага сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулахыг Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болголоо.