Холбогдох албаныхан үерт автсан газруудын нөхцөл байдалтай танилцлаа

77e9996beae009f20a06790c632ffcf7

Энэ сарын  28-ны  орой нийслэлийн зарим дүүрэгт богино хугацаанд орсон  хүчтэй аадар  борооны улмаас үерт автсан  газруудын  нөхцөл байдалтай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Онцгой комиссын гишүүн  Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.  Эхний ээлжинд  усанд хамгийн их автсан Баянзүрх дүүргийн III  хороо буюу “Чингис” зочид буудлын зүүн талын автозам орчимд очиж, нөхцөл байдлыг нүдээр харж, үнэлээд ирлээ. Тухайн орчинд ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллаж байсан ч  орон сууцны подвальд үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс аюулд өртжээ.

Биднийг очиход тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байсан иргэд усаа шавхаж,  тавилга, эд хогшлуудаа гарган хатааж байлаа.  Бороо  Баянзүрх дүүргийг бүхэлд нь болон Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсгийг хамран орсон. Албаныхны мэдээлснээр “Чингис” зочид буудал орчмын 300 метр, Бөхийн өргөөний  хороолол дундахь 250  орчим, Нарны гүүрний 150 метр орчим замд болон  “Буян” компанийн замд маш их ус тогтож, иргэдийн автомашин усанд  живж хөвөн,  зарим тохиолдолд  машин дотор  зорчиж явсан иргэдийн амь насанд аюул учрах хэмжээнд хүрчээ.

207b773882f0ec039a7173f2d83a5b24

Иймээс нийслэлийн Онцгой байдал болон нийслэлийн Захирагчийн ажлын албаны хамт олон шуурхай  арга хэмжээ авч, өнгөрсөн шөнө идэвхтэй ажилласнаар тодорхой цэгүүдэд тогтсон усыг соруулж, зайлуулан, бөглөрсөн нүх, сүвүүдийг онгойлгосон байна.  Үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад  хотын ус  зайлуулах төхөөрөмжүүдийн хүчин чадал муудсан нь харагдаж байгааг албаныхан хэлж байлаа. Гэхдээ тодорхой цэгүүдэд байрлуулсан ус  зайлуулах шугамууд хэвийн хэмжээнд ажилласан гэдгийг хэлж байв.  Хамгийн  гол нь цаг агаарын  аюулт үзэгдлийн улмаас их хэмжээний ус маш богино хугацаанд буусан учраас  тодорхой цэгүүд үерт автжээ. Түүнчлэн  орон сууцны нойлын давхар руу  их хэмжээний ус орж,  иргэд болон аж ахуйн нэгжийн эд хогшил үерт автсан байдалтай байсан юм.  Энэ нь иргэд дур мэдэн орон сууцны нойл давхарт байрлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа болон бэлтгэлгүй байдалтай холбоотой гэдгийг хэлж байлаа.  Цаашид хэт халалтын дараа их хэмжээний аадар бороо орж болзошгүй байгаа учраас  аюулт үзэгдэл болоход ямар арга хэмжээ авах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Нийслэлийн автозамын ус зайлуулах шугамын  бэлэн болсон зураг төслийг  санхүүжүүлж, барьж байгуулах асуудлыг эхлүүлэх хэрэгтэй гэдэгт албаныхан санал нэгдсэн. Түүнчлэн шинээр автозам барьсан тохиолдолд заавал ус зайлуулах шугамтай байлгах, хуучин замуудад  ч нэмж байрлуулах,  ус соруулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нэмж авахаар боллоо.  Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “40 орчим минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо нийслэлчүүдийг үерт бэлэн байхыг анхааруулсан сануулга боллоо. Тиймээс цаашдаа ус зайлуулах хоолой байрлуулах шаардлагатай газруудад шугамаа өргөтгөх ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал цаашид үүсч магадгүй учраас ус зайлуулах шугамыг нэмж байрлуулах буюу өргөтгөхөд төсөв хөрөнгийг нь яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Мөн барилгын нойл давхрууд үерт илүү өртөж байгаа учраас  энд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж  ахуйн нэгжүүдэд анхааруулга, сонор  сэрэмжийг өгөх шаардлагатай” гэсэн юм.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …