Монголын танкчид дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байна

ОХУ-д гурав дахь жилдээ болж буй Олон улсын армийн тоглолтын нээлт 7 дугаар сарын 30-нд Москва орчмын “Патроит” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. “Армийн тоглолт-2016”-д Европ, Ази, Африк, Латин Америкийн 19 орны 121 багийн 3000 орчим мөрдэстэй тамирчид оролцож байна.

“Патриот” цэнгэлдэхийн төв талбайн хойморын дэлгэцээр Армийн тоглолт болох сургуулийн төв, нисэх буудал, тэнгисийн боомтууд, өнгөрсөн жилийн тэмцээний торгон агшинуудыг цөөн хором харуулсаны дараа Армийн тоглолтод оролцогч орнуудын төлөөлөл цэргийн алба хаагчид төрийнхөө далбааг намируулсаар орж ирлээ.

13880308_1707096852885393_8227620980757857718_n

Армийн тоглолтын далбааг мандуулж, сүлд дууллыг эгшиглүүлсэний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд армийн генерал С.Шойгу Олон улсын армийн тоглолтыг албан ёсоор нээж үг хэллээ. “Хоёрхон жилийн өмнө олон улсын армийн тоглолтыг анх удаа зохион байгуулсан. Байлдааны бэлтгэлийн нэг төрөл болгон санаачилсан энэ арга хэмжээ манай оронд болон хилийн чанадад олон хүний сонирхлыг татсан, үзүүштэй уралдаан тэмцээн болж чадлаа” гэж сайд С.Шойгу дурдлаа. Тэрээр тамирчдын оролцоо, идэвхээрээ армийн тоглолт дэлхийн аварга шалгаруулах спортын ямарч тэмцээнээс бараг ялгагдахгүй болсон. Гол нь зэвсэг барьсан хүмүүс найз нөхөд шиг уулзаж, байлдааны машин спортын “тэмцлийн” хэрэгсэл болж байгаад баяртай байна гэж онцлов.

13906732_1707096912885387_1961703052493284483_n

Армийн тоглолтын нээлтийн дараа “Патриот” цэнгэлдэхээс холгүй орших “Алабино” сургуулийн төвд танкийн шилдэг экипаж шалгаруулах “Танкийн биатлон”, Явган цэргийн байлдааны машины “Суворовский натиск” тэмцээний нээлт боллоо. Үзэгчдийн төв асрын өмнөх талбайд шүхэрчид тэмцээнд оролцогч орнуудын далбааг намируулан бууж, түүхийн гэрч болсон үе үеийн танкуудын цуваа, танкуудын “бүжгэн жүжиг”, нисдэг тэрэг, нисэх онгоц оролцсон агаарын шоу зэрэг сонирхолтой үзүүлэлтүүдийг толилууллаа.

12472485_1707097016218710_4487549911779154131_n

Олон орны үзэгчдийн сэтгэл догдлон хүлээсэн агшин буюу “Танкийн биатлон”-ы салхийг хагалах танкууд гараандаа жигдэрлээ. Нэгдүгээр замаар шар танкаар Сербын экипаж, хойноос нь тус бүр 5 минутын зайтай ОХУ, Энэтхэг, Казахстаны танкчид хөдлөв. Танкчид 1600, 1700, 1800 метрын зайд орших танк, нисдэг тэрэг, танк эсэргүүцэх буу, пулемётын байнд гал явуулж, усан саад, минийн талбай, өндөрлөг, танк эсэргүүцэх шуудуу, хос замын гүүр, дэржигнүүр, хана давах, налуу хажууг туулж, 3 тойрог буюу нийт 10,5 км замыг туулж барианд орж байна. Хэрэв дээрх дасгалуудыг гүйцэтгэхдээ алдаа гаргавал 500 метрийн торгуулийн тойрог туулах ажээ.

13895233_1707096982885380_4283910960250115876_n

Тэмцээний салхийг хагалсан 4 экипажаас ОХУ-ын экипаж 23 минут 39 секундын амжилтаар тэргүүлж, удаад нь Энэтхэг 25.50, Казахстан 26.44, Сербийн экипаж 33.10 минутын амжилт үзүүлэв. Танкийн хөдөлгөөнийг дэлгэцээр харуулж, дасгалын гүйцэтгэлийг тухай бүр нь мэдээлж байгаа болохоор тэмцээний шүүлт, экипажийн алдаа оноо үзэгчдэд ил тод харагдаж байлаа.

Үдээс хойш монгол түмэн, тэр дундаа Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, ахмад танкчдын дээлийнх нь захыг мушгин суугаа Монголын экипаж гараанаас гарлаа. Дэслэгч Р.Ариунболд даргатай 1 дүгээр экипаж шар өнгийн танкаар Армян, Кубейтын мэргэжил нэгтүүдтэйгээ өрсөлдөв. Манай экипаж танкийн их буу, танк эсэргүүцэх бууны байг тус бүр хоёр сумаар онож хийморьтой эхэлсэн.

13892376_1707097066218705_7627535417013865208_n

Гагцхүү тэмцээний хоёр дахь өдөр ч босоо байгаа агаарын бай буюу “нисдэг тэрэг”-ийг онож чадалгүй торгуулийн тойрог 500 м-ын замыг туулав.
Танкийн дарга дэслэгч Р.Ариунболдтой уулзахад “Буудлага сайн байсан. Харин танкны хүч илт муу байлаа. Дээд тал нь 6 дугаар араагаар явсан. Хурд хийх боломжтой шулуун замд гэхэд дээд тал нь 60 км/цаг явсан. Ноднин 70-тай явж байсан газар шүү дээ. Усны түвшин өндөр байсан тул 3 дугаар араагаар туулсан. Бусад орны экипажууд 5 дугаар араагаар гарсан гэсэн. Саадыг туулсан хугацааны харьцуулалт хийсэн байна лээ. Армянчууд усан саадыг 31 секундэнд, бид 45 секундын хугацаанд туулсан. Буудлагын засвар хийхдээ бага зэрэг алдаа гаргасныг эс тооцвол бусад саадуудыг амжилттай давсан” гэж ярилаа.

Дэслэгч Р.Ариунболд “Танкийн биатлон”-д гурав дахь жилдээ орж байгаа “дарийн утаа” үнэрсэн танкчин юм. Түүний экипажийнхан наводчик оператор ахлах дэслэгч Д.Батдорж, механик жолооч ахлах ахлагч Б.Цэрэнбат нар ч өмнөх биатлонд оролцсон туршлагатай бүрэлдэхүүн ажээ.
Монголын экипаж 29 мин 31 сек-ийн амжилт үзүүлж, манайхантай цуг гараанд гарч уралдсан Армянчууд 27 мин 56 сек, Кубейтын танкчид 33 минутанд замаа тууллаа.

Манай танкчид тэмцээнийхээ гарааг сайн эхэллээ. 8 дугаар сарын 5 манай багийн хувьд хагас шигшээд шалгарах эсэхийг шийдвэрлэх өдөр болно. Энэ өдөр үдээс өмнө болон хойно ахлах дэслэгч Б.Баярбаатар, Б.Батжаргал даргатай танкийн экипажууд гараанд гарна. Манай экипажуудын үзүүлсэн нийлбэр дүн бусад багуудын жагсаалтад эхний 12-т багтвал хагас шигшээнд өрсөлдөх болно. Эндээс амжилтаараа эхний 4-т орвол биатлоны хаалтын өдөр болох шигшээ тэмцээнд орж медаль хүртэх боломж бас бий.

“Танкийн биатлон”-той зуузай холбон тэлгүүлж байгаа “Цэргийн хээрийн гал тогоо”-ны тэмцээнд оролцож буй Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэслэгч Э.Эрдэнэбат ахлагчтай бүрэлдэхүүн Армийн тоглолтын нээлтийн өдөр монгол үндэсний хоол хийж зочид, танкчдаа дайлав.

Тэмцээнд оролцож байгаа цэргийн алба хаагчдаа дэмжихээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Б.Дэлгэрмаа, тус ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе бригадын генерал Г.Энхбаатар, яамны зарим дипломат ажилтнууд хүрэлцэн ирлээ.
Элчин сайд Б.Дэлгэрмаа “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”-ны тэмцээнд оролцож буй Монголын цэргийн алба хаагчидтай уулзаж амжилт хүсэв. Тэрээр “Манай улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосон 95 жилийн хугацаанд байнгын холбоотой, өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн нь Батлан хамгаалах салбар юм. Тодруулбал, энэ хугацаанд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний багагүй хэсэг энд бэлтгэгдэж байсан. Түүнээс гадна цэргийн зэвсэглэл, техникийг хуучин ЗХУ, одоогийн ОХУ-аас авч ирлээ.

Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож байсан. Олон улсын армийн тоглолтод манай цэргийн алба хаагчид 3 дахь жилдээ оролцож байгаа нь үр бүтээлтэй хамтын ажиллагааны нэг тод жишээ гэж харж байна. Монгол хүний хийморь золбоог хамгийн тод илэрхийлдэг цэргийнхэн маань уралдаан тэмцээндээ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.
“Танкийн биатлон” тэмцээний эхний 2 өдрийн дүнг толилуулья.
1.ОХУ 23 мин 39 сек I
2.Энэтхэг 25 мин 50 сек II
3.Казахстан 26 мин 44 сек III
4.Беларусь 27 мин 49 сек IV
5.Армян 27 мин 56 сек V
6.Азербайжан 28 мин 20 сек VI
7.Монгол 29 мин 31 сек VII
8.Тажикстан 29 мин 44 сек VIII
9.Кубейт 33 мин IX
10.Серби 33 мин 10 сек X
11.Венесуел /II экипаж/ 33 мин 45 сек XI
12.Киргизстан 33 мин 50 сек XII
13.Ангол 34 мин 01 сек XIII
14.Венесуэл /I экипаж/ 42 мин 22 сек XIV
15.Зимбабе 1 цаг 07 мин 20 сек XV

Эх сурвалж:Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …