Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсын алдарт дуучин, зураач Яширо Аки болон алдарт зураач Шингэцү Шикандай нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулав. Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар оролцлоо.
Шингэцү Шикандай Япон, БНХАУ, АНУ, Монако, Монгол, БНФУ зэрэг орнуудад үзэсгэлэн гаргаж байсан. 2013 онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан “Сар, од Луу, Морь” уран зургийн үзэсгэлэн, 2014 онд “Шикандай” уран зургийн үзэсгэлэн тус тус Улаанбаатар хотод гаргасан. Япон дууны хатан хаан хэмээгддэг хатагтай Яширо Аки энэ оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын ДБЭТ-т тоглолтоо хийсэн.
Сайд Ц.Мөнх-Оргил Соёлын элч нарт хандан Монголын хосгүй түүх, соёлыг японы олон нийтэд хүргэн сурталчлах, хоёр талын соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Соёлын элч нар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, тэдний цаашдын ажилд амжилт хүслээ.