“Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино маргааш нээлтээ хийнэ

ulaanbaatraas shuud_700

Монголын рок хөгжмийн үүсэл хөгжлийн түүхийг харуулсан АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь энэ сарын 6-нд Монголд нээлтээ хийх гэж байна.

Энэхүү баримтат киноны нээлтийн талаар өнөөдөр /2016.08.05/ мэдээлэл хийлээ. “Улаанбаатараас шууд дамжуулж байна” хэмээх баримтат кинонд шинэ үеийн ирээдүйтэй хамтлагийн нэг болох “Моханик” хамтлагийн өнөө цагийн үндэсний соёлын илэрхийлэл болсон шинэ цомог бүтээх явцыг харуулах аж.

Мөн уг баримтат кинонд “Моханик” хамтлагаас гадна “Алтан ураг” хамтлагийнхан, дуучин С.Наран, Д.Болд, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат,”Чингис хаан” хамтлагийн гишүүн Д.Жаргалсайхан, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гишүүн Г.Жаргалсайхан, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, “Playtime” наадмыг үүсгэн байгуулагч Д.Нацагдорж зэрэг уран бүтээлч оролцож, рок хөгжмийн үүсэл хөгжлийн тухай өгүүлжээ.

“Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь дэлхийн 17 хотод гарч байсан бөгөөд томоохон кино наадмуудаас шагнал хүртэж байжээ. Тухайлбал, “Ази-Америкийн кино наадам-2015” наадмаас Бүрэн хэмжээний баримтат киноны шинээр гарч буй шилдэг найруулагч, Үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүрэн хэмжээний баримтат кино, “Монголын олон улсын кино наадам-2015” наадмаас Шилдэг монгол киногоор шалгарсан байна.

Лорен Нэпп нь дэлхийн олон улсын угсаатан зүй, соёл урлагийн сэдвээр баримтат кино, мультимедиа туурвидаг уран бүтээлч ажээ.

Баримтат киноны нээлт Тэнгис кино теарт маргааш 18.00 цагаас болох бөгөөд АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.

А.ЦЭЭСҮРЭН

news.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …