“Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна. Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн.
Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна. Өнгөрсөн бямба гаригт оюутан цэргүүдийн тактикийн бэлтгэлийн явцтай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Ж.Амгалан, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар танилцлаа. Мөн их, дээд сургуулийн захирлууд, Монголын Оюутны холбооны удирдлагууд оролцсон бөгөөд БХИС-ийн сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй албаныхан сургалтын явцын талаар мэдээлэл өгч байлаа.
Өнгөрсөн жилүүдийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт БХИС-ийн багш нар онолын хичээлийг явуулдаг байсан бол энэ жил цэргийн анхан шатны бэлтгэл болон тактикийн сургалт бэлтгэлийг БХИС бие даан явуулж байгаагаараа онцлог. Тактикийн бэлтгэлүүд нь шинжлэх ухаанд үндэслэн олон төрлөөр оюутан залуусыг сургаж, бэлтгэсэн нь илт байв.
БХИС “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өөрсдийн сургалтын материаллаг баазыг түшиглэн явуулахтай холбоотой БХЯ, ЗХЖШ-аас олон бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийснээ албаны удирдлагуудад танилцуулж байв. Тухайлбал, 12 хичээлийн цэгийг төхөөрөмжилсөн, 1000 хүний хоол бэлтгэх хүчин чадалтай гал зуух болон цахилгаан хэрэгслээр иж бүрэн хангажээ.
Оюутан цэргүүдийн амралт ая тухтай байдлыг харгалзан усанд орох байр, 500 хүний хооллох заал, 750 хүний хээрийн майхан, нүүдлийн театр гээд олон ажлыг дурьдаж болох ажээ. Мэдээлэл сонсоны дараа оюутан цэргүүдийн сургалт бэлтгэлтэй танилцсан бөгөөд тэд салаа салаа, бүлэг бүлгээр төрөл бүрийн сургалтууд гүйцэтгэж байлаа.
Дайн байлдааны үед хэрхэн отолт хийх вэ, хээрийн нөхцөлд хэрхэн гал түлж, амь зогоох гэхчилэн сургалтыг ШУТИС-ийн оюутан Ч.Урианхай бусад цэргүүдийн хамтаар гүйцэтгэжээ. Тэд модны мөчир ашиглан оромж барьж, нойтон модыг гал болгон асаасан гээд олон зүйл сурснаа албаныханд сонирхуулж байв. Тэдний ойролцоо хэсэг оюутан цэргүүд гранат шидэж, буудлага гүйцэтгэх бол өөр хэсэг нь танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөх, гал түймэр болон саадтай газар орныг туулж байна. Энэ бүхэн нь мэдээж сэтгэл зүйн бэлтгэлийг олгох үүднээс дайн байлдааныг санагдуулам дуу чимээ ихтэй ажээ.
Тэгвэл зарим хэсэг нь цэргийн ёслолын жагсаал алхах бол талбайн хажууд нь зарим оюутнууд гар дээр суниаж, савлуурт эргэх гэхчилэн чийрэгжиж чадсанаа гайхуулж байлаа.
Оюутан цэргүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.
Оюутан цэрэг Э.Цэцэн:
-Энэ хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Их олон зүйл сурч мэдлээ. Ялангуяа, үг даах, бусдыг хүндэтгэх, ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх гээд миний амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурсан байгаа. Ямар ч байсан тэсвэр тэвчээрийг өөртөө олж авсандаа баяртай байна. Манай аав, ээж, өвөө эргэлтээр ирсэн. “Миний хүү чийрэг болсон байна. Сайхан харагдаж байна” гэж магтаж байсан. Өвөө өөрөө цэргийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан дэд хурандаа С.Лувсаннамжил гэж хүн бий. Тэгсэн өвөө маань “Миний муу бор хүү сайхан цэрэг болсон байна. Албаа сайн хаагаад ирээрэй” гээд баярлаж байсан шүү. Гэр бүлийнхэн маань сэтгэл их өндөр байгаа. Бидэнд эр цэрэг байх тухай олон зүйлийг зааж өгсөн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
Оюутан цэрэг Г.Баасандорж:
-Багаар ажиллах арга ухаанд суралцлаа. Өөртөө анхаарал, нөхөртөө халамж тавих ёстойг мэдэрсэн байгаа. Олон найз нөхөдтэй боллоо. Хамгийн гол нь эх орон дуудсан цагт үүрэг гүйцэтгэж чадахаар болсондоо баяртай байна.
Оюутан цэрэг Г.Тэмүүлэн:
-Анх би ирэхдээ 74 кг жинтэй байсан. Бага зэрэг жингийн илүүдэлтэй гэсэн үг. Одоо бол 70 кг болж буураад зогсохгүй бие бялдар маань сайхан чийрэгжлээ. Аав, ээж, найз нөхөд маань эргэлтээр ирчихээд “Бахархаж байна” гээд магтаж байсан шүү. Сургалт бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой байлаа. Цэргийн алба гэдэг хийморьлог сайхан салбарт бага ч атугай суралцсандаа баяртай байгаа” гэв.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Ж.Амгалан оюутан цэргүүдийн сургалт сайн байгааг онцлоод цаашдаа хөтөлбөрөө өргөжүүлэх ёстойг онцолж байсан юм. Энэ жилийн оюутан цэргүүд энэ сарын 12-нд цэргийн тангараг өргөнө.