Сүүлийн 2 жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан “Нийслэлийн “Иргэний танхим” энэ сарын 10 -наас эхлэн хаалгаа нээнэ. Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Нээлттэй хэлэлцүүлгийн анхны сэдэв нь “Нийслэлийн нийгэм – эдийн засгийн зорилт” байх юм.
Нийслэлийн Засаг даргын 2016 – 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, “Нийслэлийн нийгэм – Эдийн засгийн зорилт” бодлогын бичиг баримтанд иргэдийн саналыг тусгах зорилгоор анхны хэлэлцүүлгийн сэдвээр сонгосон байна. Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц. Сандуй оролцож, иргэдтэйгээ уулзаж, салбарын мэргэжилтнүүдийн судалгааг сонсоно.
Хэлэлцүүлэгт ирж амжихгүй иргэд А4-ийн нэг хуудас цаасанд санал бодлоо тусгаж , Нийслэлийн “Иргэний танхим”- ын ажлын албанд илгээх боломжтой. Мөн 7010-0202 дугаарын утсаар холбогдож, саналаа хэлэх буюу “Нээлттэй хэлэлцүүлэг”-тэй холбоотой мэдээ, мэдээлэл авч болно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа эхний хэлэлцүүлэг 8 сарын 10 -ны 18 цагт Нийслэлийн “ Иргэний танхим” буюу Сүхбаатар дүүргийн 8 -р хороонд байрлах Нийслэлийн засаг захиргаан 5 -р байранд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.