Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын тухай хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар байлцав.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Олон улсын Монгол судлалын төв болсон Улаанбаатар хотноо удахгүй энэ наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Олон улсын монголч эрдэмтний 11-р их хурал болно. Энэ хуралд дэлхийн 29 орны 400 орчим эрдэмтэн, судлаачид мөн Монголын эрдэмтдийн төлөөлөл оролцоно.
Монголч эрдэмтний хурал маань “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван салбараар илтгэл хэлэлцүүлнэ. Олон улсын хурлын нээлт Төрийн ордонд болно” хэмээв.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр хэлэхдээ “Монголч эрдэмтний 11-р хурлын таван салбар хуралдаан тус бүрт ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Мөн хуралд оролцож буй эрдэмтдийн илтгэлд өндөр шалгуур тавьж байна. Тиймээс салбар хуралдаанууд зохион байгуулалт сайтай, өндөр түвшинд болно гэж найдаж байна.
Энэ удаагийн хурлын өөр нэг онцлог нь төрөөс монгол судлалыг дэмжих бодлого боловсруулж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг олгодог болсны дараа зохион байгуулж буй гэдэгт оршиж байгаа юм. Өнгөрсөн 2008-2012 оны хугацаанд монгол судлалыг дэмжих бодлогыг баталж, мөн УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан. БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл тэргүүтэй байгууллагууд хамтраад энэ арга хэмжээг өндөр түвшинд, дэвшилттэй хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн энэ өдрүүдэд монгол судлалтай холбоотой бусад арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр залуу монгол судлаачдын зуны сургалтын нээлт болсон. Энэхүү чухал арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, олон нийтэд таниулахад идэвхитэй оролцож, дэмжихийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна” хэмээв.
Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хэлсэн үгэндээ Монгол судлалын салбарын хамгийн томоохон арга хэмжээ учраас энэ их хуралд өргөн бүрэлдэхүүнээр хамтран ажиллаж байгааг дурдав. Тухайлбал Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Шинжлэх ухаан технологийн сан, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
Өнөөдөр дэлхий улс оронд монгол судлалын олон холбоо, нийгэмлэг байдаг боловч монгол судлаач эрдэмтдийг нэгтгэсэн хамгийн том байгууллага нь Олон улсын монгол судлалын холбоо бөгөөд улс улсын монголч эрдэмтэд тус холбооны гишүүн байдаг. Энэ нь Монгол Улс дэлхийн монгол судлалын төв гэдгийг монголч эрдэмтэд хүлээн зөвшөөсний тодорхой илэрхийлэл юм.
Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих сан, УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан цаг үед энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлогтой.
Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Тиймээс Олон улсын монголч эрдэмтний XI их хурал нь АСЕМ-ын дараах Монгол орон, монголчуудыг сурталчлах чухал арга хэмжээ болох юм.