БОАЖ-ын сайд БНХАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

aaeba6acb5c280f3197f3bc981b0bfe4_large

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай уулзаж, хоёр улсын байгаль орчин,аялал жуулчлалын салбарын харилцаа,хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хаймин Байгаль орчин,аялал жуулчлалын сайдаар дахин томилогдсонд Д.Оюунхорол сайдад баяр хүргэж, амжилт хүсэв. Хоёр улс байгаль орчин,аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай.Байгаль орчноо хамгаалж буй хөрш орноос суралцах зүйл ч их гэдгийг Д.Оюунхорол сайд уулзалтын эхэнд онцоллоо.

БНХАУ-ын Засгийн газраас үзүүлэх нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөнөөс байгаль орчны салбарт, тэр дундаа хөрсний бохирдлыг бууруулах ажилд зарцуулах саналыг Байгаль орчин,аялал жуулчлалын сайд   уламжиллаа. Мөн Байгаль орчны чанар, бохирдлын хяналт, шинжилгээний төв лаборатори байгуулах саналтай байгаагаа хэлэв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Өмнөд-өмнөдийн уур амьсгалын Хятадын сан”-гийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэйгээ ч уламжиллаа. Монгол Улсын газар нутгийн 77.3 хувь нь цөлжиж буй нөхцөлд уг сөрөг үзэгдэлтэй тэмцэхийн тулд хоёр улсын ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх төслүүд хэрэгжиж байсан ч бодитой үр дүнд хүрээгүй.Тиймээс уг асуудлаарх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг сайд Д.Оюунхорол онцоллоо.

Аялал жуулчлалын салбарт хоёр улс томоохон ажлуудыг хамтран хийх төлөвлөгөөтэй гэдгээ Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлэв. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх,”Цайны зам” төслийн хүрээнд хамтран ажиллах зэрэг олон асуудлаар хамтран ажиллаж бодитой үр дүнд хүрнэ гэж итгэж байгаагаа хэллээ. Мөн хоёр улсын иргэд бие биедээ харилцан итгэж аялж жуулчлах хөрс суурийг бүрдүүлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар төлөвлөж буйгаа сайд Д.Оюунхорол хэлэв. БНХАУ-ын иргэдийн Монголд аялж,жуулчлах маршрутыг гаргахаар мөн ажиллана гэв. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-ын албан ёсны хэлэнд хятад хэлийг оруулах асуудлыг дэмжиж байгаа, ирэх аравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатарт болох “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Дэлхийн торгоны замын хуралдаанд 33 орны төлөөлөл оролцох гэж буй тухай мэдээллийг Элчин сайдад өгөв.1995 оны хоёр улсын усны салбарт хамтран ажиллах хэлэлцээр амжилттай хэрэгжиж буйг БОАЖ-ын сайд мөн тэмдэглэж,цаашид Улаанбаатар хотын усны чанарын асуудал,уул уурхайн компаниудын ус ашиглалтын асуудалд онцгой анхаарч,хамтран ажиллах хүсэлтээ уламжиллаа.

Элчин сайд Син Хаймин БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын хийхээр төлөвлөсөн олон санаачлагыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлэв. АСЕМ-ын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилсан нь хоёр улсын харилцаа,хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан.Энэ нь байгаль орчин,аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд том дэмжлэг болно гэж Элчин сайд тэмдэглэлээ. Байгаль орчин,аялал жуулчлалын салбарт цаашид Хятадын талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан “Амгалан” дулааны цахилгаан станц шиг байгаль орчинд ээлтэй төслүүдэд хамтран ажиллана гэв. Говийн мазаалай баавгайг хамгаалах асуудлаар хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Элчин сайд онцлов.Аялал жуулчлалын салбарт БОАЖ-ын сайдын хийхээр төлөвлөж буй ажлуудыг сайшаахын зэрэгцээ хятад иргэдийн Монголд зорчих визийг хөнгөвчлөх асуудалд ахиц гаргаж чадвал аялал жуулчлалын хөгжилд тодорхой үр дүн гарна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотын гэр хорооллын усны бохирдлыг бууруулах чиглэлээрх хоёр талын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Элчин сайд тэмдэглэв. Энэ онд БНХАУ-ын Усны нөөцийн дэд сайд Монголд айлчилсан нь усны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан гэж Элчин сайд мөн тэмдэглэлээ. Тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудыг Монголын хууль дүрмийг чанд мөрдөж ажиллуулахад шаардлага тавьж ажиллахаа мөн илэрхийлэв.

Цаашид Монгол Улс, БНХАУ байгаль орчин, аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …