Уулзалтын эхэнд Элчин сайд Галт сайд А.Цогцэцэгт Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ халдварт өвчний тандалт судалгаа, урьдчилан сэргийлэлт, АНУ-ын Халдварт өвчний хяналтын байгууллагатай хамтран ажиллах, хамтарсан судалгаа шинжилгээ явуулах болон агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг судлах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байна гэлээ.
Сайд А.Цогцэцэг Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, чиглэл болон хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улс болон АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууссан ба энэхүү төсөл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй төсөл байсныг тэмдэглэж, цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэх саналтай байгаагаа мэдэгдэв.
Уулзалтын явцад талууд дээрх асуудлуудаар харилцан санал солилцож, сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах дээрх саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийлээд, цаашид эрүүл мэндийн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа нотлосноор уулзалт өндөрлөв.