Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын дарга Жан Энь Хүйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Хянган аймгийн Тамгын газрын дарга Жан Ин Цүнь, Хянган аймгийн Худалдааны газрын дарга Лиү Вэй Дүн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар сүүлийн гурван жил “Мишээл экспо” ХХК-иас Хянган аймагтай хамтран Улаанбаатар хотод “Органик бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа”, “Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж байгааг дурьдаад, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын дарга Жан Энь Хүй “Юуны өмнө Улаанбаатар хотын даргын орлогчийн албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Хянган аймаг, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагаа найрсаг үргэлжилж байгаад таатай байна. Цаашид хоёр талын аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлж, шинэ түвшинд гаргах хүсэлтэй байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёл болон эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд “Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж байгаад баяртай байна. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, Хянган аймгийн үйлдвэрлэж байгаа цэвэр эко бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд танилцуулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.