Орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг тэмдэглэсэн байна

хх

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2014-2016 онд даргалж буй Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих” сэдэвт 3 дугаар Их хурлыг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Индонези Улсын Бали мужид зохион байгуулжээ. Уг хуралд Нийгэмлэгийн 16 гишүүн орон болон бусад орнуудын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар мөн Венецийн Комиссын төлөөлөгчид оролцсон байна.

 Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, Доктор, профессор Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгч Ариеф Хидаяат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан нар уулзаж хоёр улсын шүүх хоорондын хамтын ажиллагаа болон ҮХШАН-ийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус их хуралд Док, проф. Н.Жанцан “Иргэдийн үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах  ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв” гэсэн сэдвээр илтгэл тавьж, уг сэдвээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдсан байна.

Мөн ҮХШАН-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах, Төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Индонези Улсад, Судалгаа ба хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Солонгос Улсад, Сургалтын төвийг Бүгд Найрамдах Турк Улсад тус тус байгуулахаар шийдвэр гаргаж Их хурлын үйл ажиллагааны төгсгөлд Балигийн Тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Энэхүү их хурал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг оролцогч орнууд санал нэгтэй тэмдэглэсэн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …