Монголын энхийг сахиулагчид дайчид ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Өнөөдөр Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хоёр багийн алба хаагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Жанжин тугандаа мэхийн ёсолсон цэргийн хоёр баг нь өөр, өөр газар оронд үүрэг гүйцэтгэх бөгөөд эх орон, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөнө гэдгээ энэ өдөр нэгэн зэрэг амлав.
Цэргийн багуудын Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулах дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 2015 оны хоёрдугаар сараас анхны ээлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр IV ээлжийн бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ ханган Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ.
Ажиллагааны өмнөх бэлтггэл сургалтыг цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл, бие бялдрын тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг бүрдүүлэх зорилгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу үе шаттай сургалтанд хамрагдан үүрэг гүйцэтгэсэн байна. Багийн захирагчаар дэд хурандаа Н.Ууганбаяр ажиллах бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд өмнө нь гурван удаа үүрэг гүйцэтгэсэн, Зэвсэгт хүчинд 17 дахь жилдээ ажиллаж байгаа манай шилдэг залуу офицеруудын нэг юм. Түүний удирдан ажиллах цэргийн алба хаагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай бөгөөд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын залуус шигшигдэн бүрджээ.
Энэ өдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн өөр нэг цэргийн баг бол Судан Улсын Дарфур муж дахь НҮБ болон Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын эмнэлгийн цэргийн баг юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн цэргийн баг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 62 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2010 оны 142 дугаар тушаалаар 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс эхлэн Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд оролцож эхэлсэн.
Монгол Улсын хоёрдугаар шатны эмнэлэг нь анхан болон хоёр дахь шатны тусламж, яаралтай сэхээн амьдруулах болон тогтворжуулах арга хэмжээ, мэс засал хийх, шүдний эрүүл мэндийн суурь үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд тус ажиллагааны хойд болон баруун секторт НҮБ-ын ажилтан, цэрэг хандивлагч орны цэргийн болон цагдаагийн алба хаагч, орон нутгийн иргэдэд эмнэлгийн үзлэг, үйлчилгээг үзүүлж байна.
Одоогийн байдлаар эмнэлгийн цэргийн багийн нийт 6 ээлж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны есдүгээр сараас долдугаар ээлжийн цэргийн баг ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай гүйцэтгэсэн энэхүү цэргийн багийг Зэвсэгт хүчинд олон жил ажиллаж байгаа туршлагатай дэд хурандаа Г.Наранхүү удирдан ажиллана.
Ажиллагааны газар орныг зорих дайчдад хандаж Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ “Эх дэлхийн энх тайван, тусгаар тогтнолын төлөө, төр засгийнхаа итгэл найдварыг тээн алс хол үүрэг гүйцэтгэх цэнхэр дуулгатан цэргийн алба хаагчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай дайчид олон улсад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулж байгаад баяртай байдаг” хэмээгээд дайчдыг үүргээ нэр төртэй гүйцэтгээд эргэн ирэхийг ерөөж, тэдний ар гэрийнхэнд найдвартай ар тал болж байдагт нь талархал илэрхийлэв.
Мөн ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат дайчдад үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирэхийг ерөөж, амжилт хүссэн юм. Жанжин туганд туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын дараа Батлан хамгаалахын сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын албаныхан дайчдын ар гэрийнхэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсч байв.
Ажиллагааны орон газар болон үүрэг гүйцэтгэлийн талаар ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Манай дайчдын үүрэг гүйцэтгэх ажиллагааны газар оронд нөхцөл байдал ямархуу байгаа вэ?
-Хоёр цэргийн баг ажиллагааны өмнөх бэлтгэлээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд маш сайн базаалаа. Судан улсын хувьд цаг уур нь халуун. Гэхдээ манай эмнэлгийн багийнхан халуунп ажрахгүй үүргээ гүйцэтгэх чадвартай. Ер нь цаг уурын эрс тэс нөхцөл байдалд манай дайчид дасан зохицох онцгой чадвартай гэдгийг онцлох ёстой.
-Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж Монголын цэргийн багийн мотобуудлагын батальоны ээлж энэ сарын дундуур солилцох ёстой байсан. Нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн дайчид хэзээ ирэх вэ. Ар гэрийнхнээс нь энэ талын асуулт их тавьж байна?
-Мотобуудлагын батальон үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Төлөвлөгөө ёсоор хоёр батальон ээлж солилцох байсан ч НҮБ-ын нислэгийн хуваарьт тодорхой өөрчлөлт орсон учраас хойшлоод байна. Удахгүй нислэгийн хуваарь тодорхой болж, хурандаа Т.Баатар захирагчтай цэргийн багийнхан ирнэ” гэсэн юм.
Үүний дараа удахгүй энхийг сахиулахаар эх орноосоо мордох дайчид, тэдний ар гэрийнхний сэтгэгдлийг сонслоо.
Дэд ахлагч Ц.Цоггэрэл “Манай цэргүүд дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаа энэ цаг үед тэдний нэг болон үүрэг гүйцэтгэх гэж байгаадаа баяртай байна. Миний хувьд Зэвсэгт хүчинд 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх удаа ажиллагаанд оролцох гэж байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирэх болно” гэв.
Дэд ахлагч Р.Дарьсүрэн “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Найм дахь жилдээ ажиллаж байна. Анх удаа энхийг дэмжих ажиллагаанд явах гэж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд газар орны иргэд болон дайчиддаа эрүүл мэндийг туслалцааг үзүүлэх гэж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Я.Пүрэв “Миний охин П.Сэлэнгэ энхийг дэмжих ажиллагаанд явах гэж байна. Хайртай охиноороо аав нь үнэхээр их бахархаж байна. Саяхан ахмад цол хүртсэн. Одоо харин ажиллагаанд явах гээд журмын нөхөдтэйгээ хамтдаа жигдрэн жагссаныг нь харахад бахархам байна шүү. Охиндоо аав нь итгэж байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирээрэй гэж ерөөе дөө” гэсэн юм.
Б.Цэцэг “Манай том хүү Гэрэлт-Од анх удаа ажиллагаанд явах гэж байна. Зэвсэгт хүчний 189 дугаар ангид ажилладаг, дэд ахлагч цолтой. Хүүдээ ээж нь итгэж байгаа. Цэргийн багийн удирдлага, хамт олонтойгоо эвтэй байж, удирдлагынхаа өгсөн үүргийг сайн гүйцэтгээд ирээрэй гэж хэлмээр байна. Эх орноо батлан хамгаалах эрэлхэг хүүгээрээ ээж нь бахархаж байна” гэсэн юм.
Батлан хамгаалах яам