Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өнөөдөр шагналаа.
Ерөнхийлөгчийн зарлигт “Арьс өнгөний алба байгуулагдсаны 90 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан арьс, өнгөний халдварт өвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ чадваржуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын хүн амыг эрүүл чийрэг өсгөхөд мэргэжил, ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн тус төвийн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” хэмээжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт эмч, сувилагч, нийт ажилтан, албан хаагчид аа, Монгол Улсад Арьс өнгөний алба байгуулагдсаны түүхт 90 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Монгол Улсын төрийн дээд одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан шийдвэрийг гүйцэтгэсэндээ туйлын баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Монголын ард түмэн бахдам түүхтэй, сайн сургамжтай. Нэг хэсэг дэлхийг донсолгож байсан ард түмэн салж бутран бусдын дарлалд хүртэл орж байсан удаатай. Хожим ардын хувьсгалын үр дүнд эрх чөлөөгөө сэргээн мандуулах үеэр Монголын хүн ам 600 мянга гаруйхан байсан. Тухайн үед газар аваад байсан элдэв өвчин эмгэгийн дотроос арьс өнгөний өвчинг дурдаж болно. Иймээс 1926 онд Ардын засгийн газраас Арьсны өвчинтэй тэмцэх алба байгуулсан юм.
Энэ хугацаанд төр засгаас хүлээлгэсэн үүрэг, түмэн олны өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байсан үе үеийн эмч, асрагч, сувилагч нарыг ийнхүү урамшуулан шагнаж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан та бүхний хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн энэ хүндтэй шагналыг олгож байна.
Монголын хүн ам өсөн нэмэгдэж, гурван саяд хүрсэн. Монгол хүний дундаж наслалт долоон жилээр уртассан. Энэ бол нийт эрүүл мэндийн салбар болон та бүхний гавьяа юм. Өнөөдрийн энэхүү шагналаар дамжуулан та бүхний гавьяаг урамшуулахын зэрэгцээ ирээдүйд ажиллах урам зориг, итгэл өгч буй хэмээн ойлгож хэрэгтэй.
Дэлхий даяаршиж, монголчууд олуулаа болж, шинэ технологи хөгжиж байна. Эдгээр өөрчлөлттэй уялдуулан үргэлж шинэ санаачилга дэвшүүлж, анхдагчийнхаа буухиаг цааш үргэлжлүүлэн улс орныхоо хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Дахин баяр хүргэж, та бүхний есөн цагаан хүсэл мөнхөд биелж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.
Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Уранчимэг, болон тус төвийн үе үеийн эмч, ажилтнууд байлцлаа.