Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Уг форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд өнөөдөр Чингис хотод форумд оролцох зочдыг угтан авсан юм.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.
Үүний дагуу өнгөрөгч 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт хоёр улсын сэтгүүлчдийн форумыг зохион байгуулсан юм. Тус форумаар Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулах ямар боломж буйг хоорондоо хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг хоёр улсын хэвлэлийн байгууллагууд, сэтгүүлчид тууштай хөндөн бичиж эхэлжээ.
Энэ жил манай улсад зохион байгуулагдаж буй VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх ажээ. Түүнчлэн форумын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн чиглэлийн илтгэл тавих бөгөөд нийтдээ 10 илтгэл тавигдана гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.
Форумд манай улсаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцож буй. Харин БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ны ӨМӨЗО-ын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шеньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөрмонголын радио телевиз, Өвөрмонголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
VII форумын албан ёсны үйл ажиллагаа маргааш өглөө буюу энэ сарын 20-ны өдөр эхэлж, 21-нд өндөрлөнө.