Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна

p1aqt33jch13pj5v113fplvg1inb1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна:
  1. Чин ван Ханддоржийн барилга
  2. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга
  3. Улаанбаатар хотын музейн барилга
  4. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга
  5. Улсын драмын эрдмийн театрын барилга
УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГА

Товч түүх:

Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан томоохон барилгуудын нэг юм. Улсын төв театрын барилга байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1940 онд гарч, хөрөнгө нь төсөвлөгдсөн боловч эх орны дайны улмаас хойшлогдсон байна. 1946 оны 6-р сарын 28-нд анхны суурийн чулууг тавихад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцжээ.

Улсын төв театр буюу одоогийн Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд  Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүдээр бариулж ашиглалтанд оруулжээ.

Театрын барилга 800 хүний суудалтай үзвэрийн гол танхим, олон арван өрөө тасалгаа, эргэдэг тайз бүхий бөгөөд нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай дөрвөн давхар том барилга юм. Барилга нь нүүрэн талдаа баганатай, гол танхим нь монгол үндэсний хээ угалзаар чимэглэгдсэн. Барилга ба хашааны монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Маньбадар нарын зохиосон зураг төслөөр уран барималч С.Чоймбол, Даваацэрэн, Н.Жамбаа нарын урчууд бүтээжээ.

Хамгаалалтын зэрэглэл:
Одоогоор хамгаалалтад аваагүй

Байршил:
Сүхбаатар дүүргийн  8 дугаар хороо, Алтангэрэлийн гудамжны хойд талд, Төв талбайн зүүн урд хэсэгт байрлалтай

Солбилцол:
N47 55 7.4
E106 55 9.4

Онцлог:
Сонгодог неокласизмын төлөөлөл болсон барилга

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …