Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа гэв үү?

8-24-2_700x700

Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм.  Нутгийн малчид “…Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. Хятадууд аймгийн удирдлагуудтай нь тохиролцчихсон, Эрдэнэцагаан суманд жижгэвтэр зочид буудал барьж өгөөд хариуд нь хадлан бэлтгэж авахаар болсон гэдэг мэдээллийг бидэнд өгч байсан юм. Харин энэ талаар албаны хүнээс тодруулахад “…Монголын талаас 2011 оноос эхлээд байгалийн хадланг БНХАУ-д экспортлох саналыг тавьж ирсэн. Тус улс ч авах сонирхолтой. Өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Хорио цээрийн дэд даргаар ахлуулсан хүмүүс манайд айлчлахад энэ асуудлыг тавьсан” гэж байв. Мөн өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаас хадсан 74.9 мянган тонн өвс өмнөд хөрш рүү ачигдсан гэх мэдээлэл байна. Мөн тус аймгаас 80 тонн өвсийг бүтээн байгуулалтын хөлс болгон өгч байсан баримт байдаг.

Түүнчлэн өнгөрсөн жилийн намар УИХ-ын зарим гишүүн, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга нарыг Дорнод аймагт ажиллах үеэр  Нөмрөгийн заставт ноцтой асуудал үүссэн талаар яригдаж байсан. Тодруулбал,  хил нэвтрэн орж ирж, хадлан хадаж байсан Хятадын иргэдийг Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан байдаг.

Тэгвэл уржигдар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зүүн аймгуудын нутгаас хятадууд хадлан бэлтгээд удаж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон тухай мэдэгдлээ.

Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш. Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг.  Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь өнөөдөр төр засгийн чихэнд хүртлээ гаарчээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ч хятадууд хадлан бэлтгэж л байна гэсэн үг. Тэгвэл зөвшөөрөл олгож, өвсөө хадуулдаг гэгддэг зүүн аймгийн удирдлагууд энэ асуудалд ямар суурьтай хандаж байна вэ. Бид энэ талаар тодруулахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөртэй уулзахад “…Энэ жил аймаг гандуухан байгаа. Хадлан тэжээлээ сайтар нөөцөлж авахгүй бол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Энд нэг асуудал байгаа нь Хятадууд сумын Засаг дарга нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр хадлан хадах асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй үед бэлчээр, отрын нутгаа нөөцлөх зэргээр Хятадуудтай холбоотой асуудлыг зайлшгүй шалгаж цэгцлэх ёстой” гэсэн юм.

Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлүүдээр нэгэн ноцтой гэмээр мэдээлэл цацагдаад байна. Тод­руулбал, Хятадын нэгэн хэвлэлийн саяхны дугаарт “…Монголоос өвс хадаж байгаа явдал бол дотоодын экосистемээ хам­гаалах үүднээс хийж буй ажил” хэмээн мэдээлжээ.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …