“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан. ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг, жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг байна. Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яам удирдлага, албан хаагчдынхаа хандивын санхүүжилтээр нийт гарах 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэн, барилгын тохижилт, засварын ажлыг хийж байна.
Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг болох бөгөөд цэцэрлэгийн тохижилт стандартын дагуу хийгдэж байна. Тус цэцэрлэгт Гадаад харилцааны яамны ажилчдын 65 хүүхэд, Эрүүл мэндийн яамны ажилчдын 10 хүүхэд хамрагдах юм.
Төрийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарахаас гадна яамны системийн нийт албан хаагчид энэ ажлыг бүрэн дэмжиж байгаа болно.
ГХЯ