Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хороонд Байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон албаныхан оролцлоо.
Байлдааны тугийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, монгол улсын гавъяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаярт хүлээлгэн өгөв.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Алдар” спорт хорооны бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хороонд оройн дээд шүтээн болсон Байлдааны туг гардуулан өгөх ёслолын ажиллагаанд оролцож байгаа та бүхний амрыг айлтгаж Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа цэрэг эрсийн дайчин цогтой мэндийг дэвшүүлье. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнгөрсөн түүхэн 70 жилийн хугацаанд эгнээнээсээ Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, Гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер-260 гаруй, спортын мастер-1350-ыг төрүүлж бахдам амжилттай хамт олон юм. Мөн “Алдар” спорт хорооны тамирчдаас олон улсын тэмцээний нийт 568 медальтан тодорсны дотор дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 гаруй медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж ирлээ. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын спортын дээд амжилтыг давхардсан тоогоор 414 удаа шинэчлэн тогтоосон нь манай тамирчдын амжилт, хичээл зүтгэлийг харуулсан тод томруун жишээ” гэдгийг онцолжээ.
БХЯ