Хуанг Ёнг Вэй: Хятадад ачаалал ихтэй мужид анхан шатны шүүгчид хамгийн өндөр цалинг авдаг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй тус коллежийн Гадаад харилцааны хэлтсийн дарга, дэд профессор Ванг Шиао Фанг, Шүүгчдийн коллежийн тамгын газрын дарга, дэд профессор Шү Жи Жүн, Ардын дээд шүүхийн улс төрийн газрын боловсрол, сургалтын хэлтсийн кадр Жоу Анг, Хэбэй мужийн Ардын дээд шүүхийн шүүгчдийн коллежийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Дээд шатны шүүгч Пэнг Жиан Жинг, ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн орчуулгын тасгийн эрхлэгч Ду Жин Ли нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

1472604741_1

Уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хүний нөөцийн газрын дарга Б.Одонгэрэл, Судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор С.Мандах, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцлоо.

1472604710_2

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж 2007 онд Улсын дээд шүүхтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны хүрээнд жил бүр Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтанд хамруулсаар ирсэн хамтын ажиллагааны олон жилийн туршлагатай. Одоогоор тус коллежид 7 удаагийн сургалтаар Монголын 175 шүүгч, ажилтнууд хамрагдаад байгаа юм.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хүндэт зочдыг Монгол улсад тавтай морилохыг хүсээд, бие даан байгуулагдаад 3 жил болж буй шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэг, түүний бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийгээд “БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж Монголын шүүхийн шинэтгэлд оюуны том хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэхүү сургалт, айлчлалд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн олон шүүгч, ажилтнууд туйлын сэтгэл хангалуун байдаг. Хамрагдаагүй нь дараагийн сургалтыг хүлээдэг учраас дотно түнш байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байгаа нь бидний хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээж, харилцаа улам өргөжих үндэс болж байна. Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхий л боломжийг эрэлхийлэх болно” хэмээн хэллээ.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга Хуанг Ёнг Вэй хүндэтгэлтэйгээр хүлээн авч, дэлгэрэнгүй танилцуулга хийсэн Н.Лүндэндорж даргад талархал илэрхийлээд “Хэдийгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж өөрийгөө даруухан танилцуулсан боловч таныг Монгол Улсын шүүхийн шинэтгэлд маш том хувь нэмэр оруулсан хүн гэдгийг бид мэднэ. “Эрдэмтэй хүн даруу” гэж Хятадын ардын зүйр үг байдаг.Таны энэхүү хариуцлагатай албандаа 2 дахь удаагаа улиран сонгогдож ажиллаж байгаа нь мөн ажлын тань үнэлгээ гэж бодож байна. Ардын дээд шүүхийн Үндэсний шүүгчдийн коллеж Шүүхийн ерөнхий зөвлөлтэй цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар анхаарал хандуулах болно. Бид олон улсын шүүгчидтэй хамтран ажилладаг ч Монголын шүүгчдийн идэвхи оролцоо өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Манай коллеж өргөтгөл хийж, Олон улсын харилцааны төв байгуулсан нь өмнөхтэй харьцуулшгүй ая тухыг хангасан. Тиймээс сургалтыг илүү сайжруулахын тулд та бүхний санал хүсэлтийг авахад таатай байх болно.Энэ удаагийн айлчлалд бид өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Монголын шүүхийн шинэтгэлээс туршлага судлах, суралцах нэн шаардлагатай байна. Манай улсад мөн шүүхийн шинэтгэл явагдаж байгаа энэ үед та бүхнийг урьж, хичээл заалгаж, харилцан туршлага солилцохыг хүсч байна. БНХАУ-д 4000 шүүхэд 300 мянган шүүгч ажилладаг. Шүүгчийн сахилга хариуцлага, сонгон шалгаруулалт бол тулгамдсан асуудал болж байгаа. Шүүхийг шинэчлэх ажил маань хүнд хүчир, урт хугацааны ажил. Тиймээс таниас шүүгчийн хариуцлагын тогтолцооны талаар сонсмоор байна” гээд шүүгчийн хариуцлагын талаар харилцан ярилцлаа.

Монгол улсын хууль тогтоох байгууллага шүүхийн төсөв, шүүгчийн цалинг төсвийн тодотголын хүрээнд танахаар ид ярьж буй энэ үед болж буй тус уулзалтын хүрээнд өрнөсөн бас нэгэн онцлох сэдэв 2 орны шүүгчийн цалингийн талаархи асуудал байв. БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй “Манай орны шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүгчдийн цалинд өөрчлөлт хийгдэнэ. Одоогоор тухайн мужийн хөгжил, эдийн засгийн хүрсэн түвшнээсээ шалтгаалаад шүүгчдийн цалин 12 шатлалтай. Нэмэгдлүүд нь мөн харилцан адилгүй ч анхан шатны шүүхийн шүүгчийн цалин хамгийн өндөр байдаг. Эдийн засгийн хөгжилтэй, амьжиргааны түвшин өндөр Шанхай мужийн анхан шатны шүүгчийн 300 мянган юаны /7.8 сая төгрөг/ цалинг бусад газрын шүүгчдэд тогтоох боломжгүй. Нэг зүйлийг сонирхуулахад манай коллежийн багш нар Ардын дээд шүүхийн шүүгчдээс өндөр цалин авдаг.Бүх шүүгч нар хичээл зааж чадахгүй. Харин манай багш нар шүүгч, багшийн ажлаа хоёуланг нь хийдэг” хэмээн харилцан туршлага солилцов.

1472604290_pt2a0842

Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид шүүхийн шинэтгэлийг хийж хэрэгжүүлэхэд тохиож буй саад бэрхшээл, ололт амжилтынхаа туршлагаас хуваалцсанд дахин талархал илэрхийлээд,талууд “Санамж бичиг” байгууллаа. Энэ хүрээнд сургалтын материал, эрх зүйн ном товхимол, арга зүйн материал солилцох, олон улсын хурал чуулган, хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг семинар зохион байгуулах, шүүгч, судлаачдын мэргэжлийн дадлага, эрдэм шинжилгээний ажил хийх, судалгааны өгүүллийг хоёр талын албан ёсны сэтгүүл, эмхэтгэлд хэвлэн нийтлэх, суралцах, туршлага судлах, айлчлах зэрэг чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Уулзалтын дараа төлөөлөгчид Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь аймгийн шүүхүүдийн Тамгын газартай онлайнаар холбогдож, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн сургалтанд хамрагдсан талаархи санал сэтгэгдлийг сонсож, шүүгч ажилтнуудад мэндчилгээ уламжиллаа.

Шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлийн ололтын нэг болох цахим уулзалтаар 2 орны шүүгчдийн дунд сургалт зохион байгуулахыг талууд тохиролцсоноор Шүүхийн ерөнхий зөвлөлд зочилсон Хуанг Ёнг Вэй тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал өндөрлөлөө.

Хуанг Ёнг Вэй: Хятадад ачаалал ихтэй мужид анхан шатны шүүгчид хамгийн өндөр цалинг авдаг

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Улсын дээд шүүхэд зочилж, Нийслэл дэхь зарим шүүхүүдийн болон Төв аймгийн шүүхийн, Шүүхийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцана.

 

 

О.Цэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …