Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.
“Зика” вирусын анхны тохиолдол Малайз улсад 9 дүгээр сарын 1-нд бүртгэгдэж, Индонезийн нэг иргэн мөн өвчилсөн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур болон хөрш зэргэлдээ бусад орнуудад нь зорчихгүй байх, эдгээр улсад зорчих иргэд тухайн улсын холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөн сонор сэрэмжтэй байхыг гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.