Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд Доктор Су Нюунт-У ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар тэр дундаа “орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр”-ийг онцгойлон танилцуулав. Уг хөтөлбөр нь орон нутгийн эрүүл мэндийн удирдлага, засаглал, хүний нөөцийн чадавхи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилготой юм.
Др. Су Монгол улс “Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр”-ийг бүсийн бусад улсуудад үлгэр жишээ болохуйцаар амжилттай хэрэгжүүлж буй улс хэмээгээд Монгол улсыг 2017 эсвэл 2018 оны ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулганы хэлэлцэх асуудлын тоонд оруулах боломжийг дурдав. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд интернетэд холбогдсон зөөврийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх төслийн талаар танилцуулж, уг төсөл нь Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүн бүрийг эрт илрүүлэгт хамруулах зорилттой нийцэж байгаад баяртай байна гэлээ.
Дэд сайд Л.Бямбасүрэн уулзалтын төгсгөлд ДЭМБ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд цаашид хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
ЭМЯ