“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлсэнийг АТГазарт хянан шийдвэрлэж байгаа билээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
-Төрийн албанд томилогдохоор нэр дэвшигчид хөрөнгө орлогоо ил тодоор мэдүүлэхээс гадна ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулж буй нь олон нийтийн дунд АТГ хэн нэгнийг төрийн албанд ажиллаж болох эсэхийг шийдээд байгаа мэт ойлголт төрүүлээд байх шиг. Ашиг сонирхолын зөрчил гэсэн ойлголтыг тайлбарлахгүй юу?
-Нийтийн албан тушаалтан ч бусдын адил эгэл хувь хүн. Хүний араншинд байгалиас заяасан хувийн сонирхол энэ хүмүүст ч мөн адил бий. Тэдний хувийн сонирхол нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөж болно. Гэтэл ашиг сонирхол бүхий нөхцөлд гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг үүсэх суурь, нөхцөл болдог. Дэлхийн жишгээр сонирхлын зөрчлийг урьдчилан зохицуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх гол механизмд тооцогддог тул Монгол улсад нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүх нийтээр даган мөрдөж эхлэсэнээр өмнө нь зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байсан албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын байдлаа хамт мэдүүлдэг болсон. Энэ нь нэр дэвшигч иргэн өөрийн төдийгүй өөрт хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэргээ хөрөнгө, орлоготойгоо хамт мэдүүлнэ гэсэн үг юм. Ач холбогдол нь зөрчилдөж болзошгүй сонирхлын байдлыг анхнаас нь зүй зохистой тодорхойлсоноор нийтийн албан тушаалтныг олон түмний хоосон хардлагад өртөхөөс хамгаалж өгдөг гэж үздэг.
-Ашиг сонирхолын зөрчилтэй эсэхээ шалгуулах хуулийн хугацаа, түүнийг бүртгэж авдаг журмын талаар тодруулахгүй юу? Энэ удаагийн УИХ-ын сонгуулиас хойш төрийн албанд шинээр томилогдож байгаа хичнээн албан тушаалтны мэдүүлгийг хүлээн авсан вэ?
– Албан тушаалтныг тухайн албан тушаалд томилогдохоос өмнө томилох эрх бүхий субьект хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь АТГ д мэдүүлж, хянуулах үүрэгтэй байдаг. Энэ дагуу бид 2016 оны долдугаар сарын 20-оос наймдугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд шинээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 1498 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авсанаас 1247 иргэний мэдүүлгийг хуулийн хугацаанд нь хянан, холбогдох байгууллагад хариуг хүргүүлээд байна. Үлдэх 251 мэдүүлэг хянагдах шатандаа явж байна.
– Ашиг сонирхлын мэдүүлэгийг хянасан тухай танайхаас илгээж буй энэ мэдэгдэл нь хэн нэгнийг төрийн албанд ажиллах ажиллахгүйг шийдээд байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлээд байх шиг. Ер нь томилох эсэх тухай эцсийн шийдийг хэн гаргадаг юм бэ?
– Энэ үнэхээр буруу ойлголт. АТГ зөвхөн хүлээн авсан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт хийж үзээд нэр дэвшигчид тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаархи дүгнэлтийг гаргаж мэдүүлэг ирүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нь хүргүүлдэг. Уг дүгнэлтээр нэр дэвшигч тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон л бол түүнийг нийтийн албанд томилохоос татгалзах үүргийг нэр дэвшигчийг сонгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээх ёстой. Хэрэв дээрхи эрх бүхий субьект энэ үүргээ биелүүлээгүй бол хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу хариуцлага хүлээх болно. Товчдоо тухайн нэр дэвшигчийг томилох эсэх эцсийн шийдийг зөвхөн түүнийг дэвшүүлэхээр сонгосон эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтан нь гаргадаг гэсэн үг. Тэд хуулиа мөрдөх үүрэгтэй. Зөрчвөл өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ.
– Сая хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь хянагдсан 1247 нэр дэвшигчийн материалын хяналтын явцын дүн ямар байв? Тэд бүгд нийтийн албанд томилогдох боломжтой байсан уу.
– Мэдүүлэг нь хянагдсан бүхэн нийтийн албанд шууд томилогдоно гэж ойлгож болохгүй. Сая шалгасан 1247 мэдүүлгээс 914 иргэний материалд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 74 нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүйг нь анхааруулсан бол харин 22 нэр дэвшигчийн хувьд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүйг шалган тогтоож хариуг хүргүүлсэн. Мөн материал дутуу ирүүлсэн, хуулийн үйлчлэлд хамаарахгүй албан тушаалд нэр дэвшиж буй иргэн болон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох эрхгүй этгээдээс мэдүүлгийг ирүүлсэн зэрэг шалтгаанаар 237 мэдүүлгийг хянах боломжгүй буцаан хүргүүлсэн байгаа. Тэгэхээр зөвхөн дээр дурьдсан 914 иргэний хувьд л сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэр дэвшсэн ажил албандаа томилогдсон байх үндэслэлтэй.
-Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нь тогтоогдсон мэдүүлгүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? Тэнд яг ямар шалтгаантай зөрчил байсан бэ?
-Нийтийн албанд томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн 22 иргэний материал тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон. Тэд мэдүүлэгтээ өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийг мэдүүлээгүй, мөн өөрөө болон хамаарал бүхий этгээд нь тухайн салбарт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа, албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой зэрэг нөхцөл байдлууд илэрсэн нь хуулийн нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон, мөн мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж, мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн.
-Аль салбарын ямар албан тушаалд нэр дэвшигчдээс ийм зөрчил гарсаныг тодорхой хэлэх боломжтой юу? Олон нийтийн дунд боломжийн хэн нэгнийг үндэслэлгүй буцаачихав уу гэх гомдол ч бий.
– Нэр дэвшигчдээс хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн гишүүд нь өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээнд шууд хамааралтай ажил, үйлчилгээ эрхэлдэг нь хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон, мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл гарсан. Тэдний нэрийг шууд дурьдах нь зохисгүй тул зөвхөн салбар, байгууллага, албан тушаалынх нь нийтлэг байдлаар зарим жишээг авч болно. Жишээ нь Төрийн өмчит компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан захирлаар томилогдох иргэний хувьд өөрийн үүсгэн байгуулсан үйл ажиллагааны чиглэл нэгтэй аж ахуйн нэгжүүдийг мэдүүлээгүй, Соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчид нэр дэвшигч нь үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээ мэдүүлээгүйгээс гадна уг компани нь соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах, сурталчлах, уран бүтээлийн зуучийн үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь уг албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчтэй хамаарал бүхий этгээд нь ашигт малтмал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг нь, мөн гэр бүлийн гишүүн нь газар тариалан, өвс хадлан, фермерийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд сонгогдох зэрэг нь эрхлэх ажлын нь хүрээнд илт харшаар нөлөөлөх зэрэг эрсдэлтэй гэж үзсэн. Эдгээр 22 нэр дэвшигчид нь Засгийн газрын гишүүн, дэд сайд, УУХҮЯ-ны газрын дарга, ХХААХҮЯ-ны газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал, АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэс, Мэдээлэл технологийн төв, Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшиж материалаа хянуулахаар ирүүлсэн байсан.
-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнийг нийтийн албан тушаалд томилж болох уу?
– Дээрх хугацаанд нийтийн албанд томилогдохоор мэдүүлэг ирүүлсэн хүмүүсээс хоёр хүн албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан бөгөөд урьдчилсан мэдүүлгийг хянаад тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болохыг тогтоон хариуг хүргүүлсэн байна.
– Албан тушаалтан ямар нэг байдлаар урьдчилан шигшигдэж, тангараг өргөсөн хэдий ч томилогдсоныхоо дараа хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн тохиолдол гардаг. Тэднийг хэн яаж хянадаг, зөрчсөн тохиолдолд ямар үүрэг хариуцлага хүлээлгэх ёстой вэ?
-Тиймээ. Үнэхээр тухайн албан тушаалд очихоос өмнөх урьдчилсан хяналтаар ашиг сонирхлын зөрчил илрээгүй хэр нь томилогдсон хойноо зөрчил үүсгэх тохиолдол гардаг. Тодорхой үүрэг хариуцлага хүлээж нийтийн албанд томилогдсон хүмүүсийн бүх үйл ажиллагаа нь олон нийтийн өмнө ил тод байх ёстой. Тиймээс АТГ тэднийг хуульд заасан хориглолт хязгаарлалтыг хэрхэн мөрдөж ажиллаж байгаад байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулахад анхаарч ажилладаг. Ер нь албан тушаалтан бүхэнд нэгэнт тухайн албан тушаалд томилогдсон л бол цаашид яах нь хамаагүй гэж ойлгож болохгүй шүү гэдгийг анхааруулах нь зүйтэй байх. Нийтийн алба хашиж байгаа албан тушаалтанд албан үүрэгтэй нь зөрчилдсөн хувийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Хуулинд авлигын хэрэгт хамааруулж болох хориглолт хязгаарлалтыг маш тодорхой заасан байдаг тул зөрчигсөд хуулийн дагуу хариуцлага хүлээх болдог.
– Албан тушаалтны хувийн сонирхол албан үүрэгтэй нь зөрчилдөхгүй байхад юунд анхаарах ёстой вэ. АТГ үүнд хэрхэн хандаж, ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
Хэдийгээр бүх албан тушаалтнууд үүргээ хуулийн хүрээнд шударгаар хаших болно гэж тангараг өргөн ажилладаг ч өөртөө буй давуу талыг сөргөөр ашиглах тохиолдол байнга гардаг. Бидний үүрэг бол үүний эсрэг “тэмцэх”. Тэмцэл гэдгийг бид арай өөр утгаар нь урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх талаас нь хэлж байгаа юм шүү. Энд яриад байгаа ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг ч энэ зорилгоор хийгддэг. Ер нь нийгэмд олон муу сөрөг үр дагавартай авлигатай “тэмцэх” нь зөвхөн АТГ-ын ажил биш. Иргэд олон нийт ч эдгээр сөрөг бүхэнд идэвхитэй хяналт, шаардлагыг тавих нь аливаа болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслах сайн талтай. Үүний тулд бид хүүхэд багачууд, оюутан залуус, нийт ард иргэдэдээ хуулийг хүндлэн дээдлэж, мөрдөхийг сургах, бусдад хууль ёсны зөв шаардлагыг соёлтой тавьж чаддаг болох зэрэгт соён гэгээрүүлж сургах нь чухал юм. Бид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэд хэдэн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Юуны өмнө авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн өндөр албан тушаалтнуудын нэгэн адил нээлттэй болгох техникийн боломжийг сайжруулах, мэдүүлгийн программыг шинэчлэн, өргөжүүлэх, хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын мэдүүлгийг бүрэн цахимжуулах зэрэг ажлуудыг Дэлхийн банк, Азийн сангийн төслийн санхүүжилтээр хийхээр эхлүүлээд байна.
-Таньд тодорхой асуудлаар тодруулга өгч ярилцсанд баярлалаа.
Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
Авилгатай тэмцэх газар