Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 9 дүүргийн Засаг дарга болоод дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын дарга нартай уулзалт хийлээ.Нийслэлийн хэмжээнд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн 30 гаруй хувь буюу 100 тэрбум гаруй төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх дараа жилээс орон нутаг шилжинэ. Үүнтэй холбогдуулан дүүргийн Худалдан авах ажиллагааны албадыг бэхжүүлэх, чадавхижуулах, дүүргийн удирдлага, албадтай хэрхэн уялдаатай ажиллах талаар ярилцлаа. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт ирэх оны төсөвт Худалдан авах ажиллагааны албанд шаардлагатай хэмжээгээр төсөв хөрөнгө суулгах, мөн байр байршил, өрөө тасалгааны хүрэлцээг сайжруулахад анхаарч, уялдаа холбоотой ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нараас хүсэв.
Харин дүүргийн Худалдан авах ажиллагааны албадын тендерийн явцын тайлан, мэдээ болон тендерийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг нэг стандарт загварт оруулах ажлыг Худалдан авах ажиллагааны газар анхаарч тодорхой загвар маягт хүргүүлэхээр боллоо. Ажлын тоо, хэмжээ нэмэгдэхтэй холбоотой боловсон хүчний хүрэлцээг тооцож, шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, зохион байгулахаар төлөвлөж буй сургалтуудад мэргэжилтнүүдийг тогтмол хамруулж ажиллахыг шаардлагатайг хэлсэн юм.Уулзалтад оролцсон удирдлагууд цаашид худалдан авах ажиллагаа хэрхэн чанартай хийж, үр дүн нь иргэдэд үнэлэгдэхээс дүүргийн нүүр царай тодорхойлогдох болж байгаад санал нэгтэй байлаа гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.