УИХ-аар Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Эх орныхоо бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг цэргийнхэн уг асуудлаар 36 сар цалинтай тэнцэх нөхөн олговрыг хасч болохгүй гэсэн байр суурьтай байсан юм. Яагаад гэвэл нэг удаагийн тэтгэмжээр нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чаддаг юм. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсны дараа л тэд өөрийн гэсэн орон байр, унах унаатай болдог.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ чуулганы өмнө “Үндэсний шуудан” сонин болон “ТВ-5” телевизээр өгсөн ярилцлагандаа “Засгийн газар дээр бид энэ салбарынхаа ажиллагсдын хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг, хүнд нөхцөл байдлын талаар тал талаас нь ярьсан. Ингээд бусдаас арай өндөр түвшинд буюу тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг 24-36 сараар авч үзсэн л дээ. Цэргийн албан хаагчид эрхээ хязгаарлуулсан хүмүүс байдаг. Учир юу гэхээр тушаалаар яв гэсэн газар явж, бай гэсэн газар байдаг онцлог алба юм. Нэг цэргийн албан хаагч алба хаах хугацаандаа 4-5 газар шилжин ажиллах шаардлага гардаг. Түүнээс болж тэдний үр хүүхдийн сурч боловсрох нөхцөл болоод тэдний гэр бүлийн хүмүүс тогтсон ажил төрөлгүй болох тэрнээсээ шалтгаалан тэтгэвэрт гарч чадахгүй байх гэх мэт маш их хохиролтой зүйлүүд байдаг. Түүнээс гадна цэргийн алба хаах үедээ нэг сарын 20 гаруй хоногийг хөдөө гадаа явдаг гэх мэт эдгээр хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзээд төр засгаас 18-36 сарын тэтгэмжийг олгодог. Ингэж явсаны эцэст цэргийн албан хаагчид маань өөрийн гэсэн байр орон сууцгүй өмч хөрөнгөгүй үлдэх явдал их байдаг. Тиймээс үүнийг төрөөс зохицуулалт хийж, энэ тэтгэмжийг олгодог. Төрийн тусгай албаныханы энэ байдлыг хадгалж үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Би цагдаа, хилийн цэрэг гэх мэт төрийн тусгай албанд 20 гаруй жил ажилласан хүний хувьд 36 сарын тэтгэмжийг хадгалж үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Монгол Улс хэдийгээр эдийн засгийн хямралтай хүнд байгаа ч тэрнээс чухал зүйл бол улс орны бие даасан тусгаар тогтнол аюулгүй байдал шүү дээ. Тиймээс үүнийг онцгой анхаар үзэх хэрэгтэй” гэсэн байр сууриа илэрхийлж мөн чуулганы хуралдаан дээр ч энэ тал дээр сайн анхаарч, цэргийн алба хаагчдын 36 сартай тэнцэх нөхөн олговрыг хасч болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр хамгаалж үлдэв. Нөхөн олговрыг нь хасахгүй байх шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Харин цагдаагийн алба хаагчдын нөхөн олговрын хэмжээ 1-12 сар болж буурчээ.
Батлан хамгаалах яам