Дэлхийн 100 гаруй оронд ажиллаж, амьдарч байгаа 130 гаруй мянган Монголчуудын төлөөлөл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулж, хилийн чанад дахь иргэдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц боломжууд, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ. 2014 онд Гадаад харилцааны сайдын санаачилгаар анхдугаар чуулга уулзалтаа хийж байсан Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын энэ удаагийн чуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил нээж үг хэлэв.
Чуулга уулзалтанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил хилийн чанад дахь монгол иргэд рүүгээ чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг танилцуулж, эдгээр хөтөлбөрүүдийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс хэрхэн шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлов. Мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол залуучууд өндөр хөгжилтэй оронд ажиллаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн түүнийгээ түмэн олонтойгоо хуваалцаж, төрөлх нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд суугаа орноосоо улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн идэвхтэйгээр оруулахыг уриаллаа.
Чуулга уулзалтанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нараас илгээлт ирүүлсэн бөгөөд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах зорилгоор хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын дунд зохион байгуулсан “Миний Монгол наадам”уралдааны тэргүүн, дэд, тусгай байруудад шалгарсан Монголчуудын холбоодод Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг шагнал гардуулав.