“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-аас улс төрийн хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдэд нь орон сууц өгөхийг УИХ, Засгийн газраас шаардлаа.
Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 21 дэхь жилдээ зохион байгуулж буй юм. 1922-1937 онд хэлмэгдсэн 36 мянган хүн байгаа гэдэг ч энэ нь ташаа мэдээлэл хэмээн “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа хэллээ.
Тэрбээр, “Маршал Х.Чойбалсангийн өврийн дэвтэрт 56 мянган хүн баривчилсан гэсэн тэмдэглэл байдаг. Одоо нийтэд ил байгаа баримтууд бол үнэн бодитой биш. Тухайн үед Монгол Улс насанд хүрсэн эрчүүдийнхээ 20 хувийг баривчилж, 15 хувийг нь буудсан байдаг. 40 мянган өрхийн бүх хөрөнгийг хурааж, бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдийг нь ажил, сургуулиас нь хөөсөн. Улс төрийн их хэлмэгдүүлэлтээс өмнө төрсөн буюу хэлмэгдүүлэлтэд эцэг, эхээ алдсан 500 гаруй хүн одоо амьд байна. Бүгд 80 дээш настай, хамгийн бага тэтгэвэртэй хүмүүс. Тэд бүгд хамгийн бага тэтгэвэр авч байна. Зарим нь орон сууцны доод давхарт буюу фодвальд амьдарч байгаа. ОХУ, ХБНГУ, БНХАУ хэлмэгдсийн үр хүүхдүүдэд энгийн хүмүүсээс 3 дахин их хэмжээний тэтгэвэр өгдөг. Гэтэл Монгол Улс 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн хүрээнд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд тус бүр 1 сая төгрөг олгосон. Энэ бол нөхөн олговор бус нэг удаагийн тэтгэмж маягийн зүйл байсан. Тиймээс одоо амьд байгаа хүмүүст орон сууц олгохыг шаардаж байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг