Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны ДТГ-уудтай хамтран энэ есдүгээр сарын 10-ны өдөр уламжлал ёсоор олон улсын буяны өдөрлөг зохион явуулав. Энэ арга хэмжээний нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайдын гэргий Д.Бадамцэцэг, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, МЭХ-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэчимэг, Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Н. Сейфферт зэрэг хүмүүс оролцов.
Өдөрлөгийг нээж Эмэгтэйчүүдийн дипломат Клубын тэргүүн С.Онон, Гадаад харилцааны сайдын гэргий Б.Бадамцэцэг болон Улаанбаатарт суугаа дипкорпусыг төлөөлөн Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагоз нар товч үг хэлэв. Үг хэлэгсэд Эмэгтэйчүүдийн дипломат Клуб нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш монголын хүүхэд, залуучуудын авъяас билгийг хөгжүүлэх, эмзэг бүлгийнхэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, бага орлоготой иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн жижиг төсөл хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглэв.
Буяны үйлст зориулсан тус өдөрлөгт АНУ, Беларусь, Вьетнам, Казахстан, ОХУ, Турк, БНХАУ, Японы ЭСЯ-д болон Тайландын Өргөмжит консулын газар идэвхтэй оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний хоол, зан заншилаа танилцуулсан ба манай дотоодын хувиараа аж ахуй эрхлэгчид органик гоо сайханы бүтээгдэхүүн, шинэ ургацын нарийн ногоо, жимс, тасалгааны цэцэг, арьс шир, эсгий, сарлагын хөөвөр, ноос, ноолууран болон бусад бүтээгдэхүүнээр үндэсний үйлдвэрлэлээ сурталчлав.
Тус арга хэмжээний үеэр гадаадын зарим ЭСЯ-д болон манай Хөгжим бүжгийн коллежийн сурагч, оюутан урлагийн тоглолт үзүүлж сонирхуулав.
Эх сурвалж: ГХЯ