Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн орлогч сайд Милослав Сташек, манай улс дахь БНЧУ-ын ЭСЯ, Эдийн засгийн танхим, Чех, Монголын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзлаа. Энэ уулзалтад Чехийн нийт 12 компанийн төлөөлөл оролцсон. Тэд бүгд Монголын зах зээлд нэвтэрье гэж байна. Нэвтрээд ажиллаж байгаа нь барилгын салбарт, барилгын материалын үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламжийн ажилд оролцъё гэх нь таатай сонстоно. Ялангуяа цэвэрлэх байгууламжийн ажил бол гэр хорооллыг барилгажуулах ажлын гол цөм нь билээ. Гэхдээ энэ талаар санал тавьж буй байгууллагууд олширсоор байна.
Түүнчлэн “Исат Плезнь” компанийг нэрлэж болно. ОХУ-д 11 цэвэрлэх байгууламж барьсан, Европт 5000 гаруй төсөл дээр ажилласан тэдний туршлагыг олзуурхахгүй байхын аргагүй. Тэд Монголд үйл ажиллагаа явуулахыг хүсч байна. Ганцхан хувийн татвартай болсон талаар дуулаад үйлдвэрлэл явуулахаар сонгож байна. Дээрх 12 компанийн дунд машин, тоног төхөөрөмж, бетоны үйлдвэрлэл, тээвэр ложистик, ураны олборлолт, төсөл хөрөнгө оруулалтын санхүүжилт гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг тухайгаа сайд Г.Мөнхбаярт товч танилцуулаад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын талаар ямар бодлого баримталж байгаагаа болон хэр тааламжтай шийдвэрээр угтаж байгаа, баримтлах гол зарчим нь юу байх талаар танилцуулж санал солилцов.