Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОУХБ хамтран “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлж Зохистой хөдөлмөрийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр “ОУХБ-аас 2005, 2009 онд хийсэн Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тойм”, “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоо: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хөдөлмөрийн хяналтын өнөөгийн чиг хандлага, бэрхшээл”, “Конвенцид нэгдэн орох боломжийн тухай”, “Цаашид хэрэгжүүлэх арга зам: Хяналтын хууль батлах, ОУХБ-ын конвенцид нэгдэн орохтой холбоотой авах арга хэмжээ”, “МХЕГ, ОУХБ хамтран Монгол Улсад хөдөлмөрийн хяналтыг сайжруулахад авах арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн ОУ-ын хөдөлмөрийн хэм хэмжээ, ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийн тогтолцоо, ОУХБ-ын 81, 129 дүгээр конвенцид Монгол Улс нэгдэн орох боломжийн дүн шинжилгээний талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МХЕГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ, 81, 129 дүгээр конвенцийг батлах ажлын хэсгийн төлөөлөл оролцов гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.