Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Т.Батцогт нар мэдээлэл хийж, Нийслэлийн ИТХ-ыг энэ сард яаралтай хуралдуулах шаардлагыг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Ц.Баатархүү “2016 оны зургадугаар сарын 29-ны ээлжит сонгуулиар бүрдсэн Нийслэлийн ИТХ дэгийн дагуу 4.1-д зааснаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах ёстой. Харамсалтай нь долоо, наймдугаар сард дэгийн дагуу хуралдсангүй.
Хэрэв ээлжит хуралдааныг хойшлуулахаар бол НИТХ-ын Тэргүүлэгчдээр заавал тогтоол гарган товлох ёстой. НИТХ ардчиллын зарчмаас ухарч байна. НИТХ хоёр удаа ямар ч шалтгаангүйгээр хурал тасаллаа. 2012-2016 оны хооронд хэрэгжүүлж ирсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, автозамын шинчлэлт, тусгай замын автобусын төсөл, дэд төвүүдийг хөгжүүлэх асуудал, Улаанбаатар хотын тохижилт гэх зэрэг олон асуудлын эрчим суларч Улаанбаатар хот эзэнгүйдэж байна. Энэ утгаараа НИТХ-ын дарга Ц.Сандуйд шаардах бичиг хүргүүлж байна. НИТХ-ыг энэ есдүгээр сард хуралдуулаач, хэлэлцэх асуудал их байна, Иргэдийн хурлын бүтэц зохион байгуулалтыг бүрэн хэлэлцэж дуусах ёстой. Удахгүй төсвийн тодотгол хийнэ. НИТХ өнөөдөр байнгын хороо буюу ажлын хороогоо ч байгуулаагүй байна” гэлээ.
Эх сурвалж: tsenzurgui.mn
Мөн харьяа агентлагуудад бүтцийн өөрчлөлт нэрээр олон төрийн албан хаагчийг чөлөөлж, 2012 оноос хойш ажилд орсон хүмүүст шахалт үзүүлж ялгаварлан гадуурхаж байгаа гэв.
Энэ талаар Т.Батцогт “Төрийн албан хаагчдын ажиллаж боломжийг хааж байна. өнөөдрийн байдлаар нийслэлийн агентлагуудын 200 гаруй албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ нь төрийн алба нь нам бус байх хууль тогтоомжийг зөрчиж байна. Хотод хийх ажил их байна. Гэтэл ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг хомроглон халж байна. Бид ажлаас халагдсан олон төрийн албан хаагчийнхаа эрх ашгийг хамгаалах болно.
Тиймээс нийслэлийн Ардчилсан нам 70001206 гэсэн утсыг ажлуулж байна. Үндэслэлгүй халагдаж байгаа төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж дуу хоолой нь болно. Хийх ажил их байхад өөрсдөө гадаад томилолтоор их явж байна” хэмээсэн юм.