Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив хамтран гаргаж буй “Армийн комиссар” сэдэвт гэрэл зураг, баримтын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монгол цэргийн музейн захирал, дэд хурандаа Ж.Гантулга, БХ-ын төв архивийн орлогч дарга дэд хурандаа Г.Үнэнбаяр нар оролцлоо. Тус үзэсгэлэнгээр Маршал Ю.Цэдэнбалын Монгол Ардын Хувьсгалт цэрэгт биечлэн ажиллаж байсан үе буюу 1941-1945 онд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Улс төрийн газрын даргаар буюу 1941-1945 онд Армийн комиссар, 1944-1945 онд Дэслэгч генерал гэсэн цолтойгоор ажиллаж байсан үеийн амьдрал үйл ажиллагааг харуулахыг зорьжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөг, Батлан хамгаалахын Төв архивын хадгаламжийн сангуудад хадгалагдаж байгаа түүхэн ач холбогдол бүхий 80 гаруй гэрэл зураг, баримт, уран зурагнууд, тухайн үеийн цэргийн дүрэмт хувцас, улс төрийн газрын тамганууд зэрэг үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдсэнээс 70 гаруй хувь нь урьд өмнө нийтийн хүртээл болж байгаагүй зүйлс тавигдсанаараа онцлог байлаа.
Батлан хамгаалах яам