“Орхон” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгч нар ШӨХТГ-т гомдол гаргаад байна. Учир нь түрээслэгч нарын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас нь хөөдөг байна. Энэ асуудлаар тэнд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын зүгээс гомдол гаргасаны дагуу Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг асуудлыг хянаж шалгаж үзээд Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлах хэрэгтэй гэдгийг дурдсан байна. Дээрх асуудлаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайд “Орхон” худалдааны төвийн түрээслэгчид гомдол гаргаад байгаа гэсэн. Энэ яг ямар учиртай юм бэ?
-“Орхон” худалдааны төвийн захирал түрээсийнхээ үнийг үндэслэлгүй хоёр дахин нэмсэн. Нэмсэн шалтгаандаа өөрсдөө тайлбар өгдөггүй. “Орхон” худалдааны төв нь 40-50 түрээслэгчидтэй. Тэр захын нийт түрээслэгчдийн 70 орчим хувь нь тэнд олон жил ажиллачихсан. Тэгээд түрээсийн үнээ нэмж байгаа учраа хэлэхгүй. Түрээслэгчдийн өөрсдийнх нь хэлж байгаагаар газрын маргаантай асуудалтай байж байгаад, газрын маргааных нь асуудал шийдэгдээд “Орхон” худалдааны төвийн захирал нь газар болон тэр захаа хураалгах болчихоод байгаа юм байна. Тэгээд нэг талаас тэрнээсээ өмнө түрээсээ үндэслэлгүйгээр нэмж мөнгө авчихаад хаая гэсэн тийм зорилготой. Хоёрдугаарт түрээсийн үнээ нэмчихээд, хэл ам гаргаад байгаа доод тал нь 7,8 жил ажилласан, түрээс төлөөд явчихсан хүмүүс байгаа юм. Тэгэхээр “Орхон” худалдааны төвийн захирал нь тэдэнд гэрээгээ баталгаажуулна , дахин хэдэн сая төгрөг өгөхгүй бол гэрээг чинь сунгахгүй гэсэн дарамттайгаар удаа дараа эрх үүрэгтэж байсан. Тэгээд энэ хүмүүсээс түрээсийнх нь гэрээг буцаагаад болиулах булихай нь илрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэдгээр түрээслэгчид олон жил байсан, олон жил хуримтлагдсан булихайг мэдсэн. Энэ хүмүүсийгээ зайлуулах зорилготойгоор захаа хаалаа гэж асуудал үүсээд байгаа юм.
– Тэгэхээр хичнээн хүн хохирчихсон байгаа вэ?
-Одоо бидэнд түрээсийн үнээ ямар ч үндэслэлгүйгээр нэмсэн гэж хандсан 30 гаруй хүн байгаа. Жишээ нь би 100 төгрөгөөр түрээслэдэг байлаа гэж бодоход захын удирдлага “танайд гэрлийг чинь тавьж өглөө, дулаан болгож өглөө, агааржуулагчтай болгож өглөө түрээсээ нэмээд 200 болголоо” гэвэл нэг өөр. Тэгэхэд түрээслүүлэгч ямар ч үндэслэл байхгүйгээр нэмсэн. Нөгөө хэд нь асуухаар “өө тэр худалдааны төв метр квадрат нь тийм байдаг юм байна, манайх ийм хямдхан” гэдэг байна.
– Түрээслэгчид одоогоор “Орхон” худалдааны төвд байхгүй байгаа гэсэн үг үү?
-Байгаа. Бүх бараа бүтээгдэхүүн нь тэнд байгаа. “Орхон” худалдааны төвийн лангуу түрээслэгчид бусад газруудаас гэрээтэй зээлээр бараа авч ажиллуулдаг юм байна. Тэгтэл энэ түрээслэгчдээс түрүүлээд “Орхон” худалдааны төвийн захирал нь нөгөө бүх компани руу утасдаад та нар бараа бүтээгдэхүүнээ татаж аваа, одоо манайх хаагдаж байгаа гэсэн байгаа юм. Тэгээд үүнээс болоод олон жил ажилласан хүмүүст энэ асуудал үүсчихээд яваад байна.
-Танайхаас эдгээр түрээслэгчдийн төлөө юу хийх гэж байна?
– Манайх одоогоор хяналт шалгалт хийгээд эхэлчихсэн. Хамгийн эхлээд хяналт шалгалтаар бичиг баримтынх нь асуудлыг шалгана. Хуулийн дагуу түрээслэгчтэй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр байна уу, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна уу гэдгийг эхлээд шалгана. Нөгөө захиралыг өчигдөр дуудсан ирээгүй. Өнөөдөр ирэх ёстой. Хэрэв ирэхгүй бол бид хуулийнхаа дагуу явна.
Эх сурвалж Aravt.mn