Энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон,медалиар шагнав

600x600

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулах ёслол боллоо.

Энхийг сахиулагчдыг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах үйл ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 5 дугаар батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ.

Энхийг сахиулагч дайчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хурандаа Б.Баатар, хурандаа Ж.Мөнхтөр нарыг, Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Г.Тунгаамаа, дэд хурандаа Ж.Сүх-Очир, Н.Баасан, хошууч Р.Баянмөнх, дэд хурандаа Э.Мөнх-Оргил, С.Батбуян нарыг, Цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Г.Сарандаваа, О.Уламбаяр, Г.Мөнхбат, Б.Пүрэвсүрэн, Д.Нэргүй, Б.Жаргалсайхан, С.Чинбат нарын зэрэг хүмүүсийг шагналаа. Бусад дайчдыг энхийн төлөө медалиар шагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ:

 “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Монгол эх орон, төр засаг, элгэн садныхаа итгэлийг өвөрлөн, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн эрхэм хүндэт энхийг сахиулагчид, эх орны эрэлхэг дайчид  Та бүхнийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсанд баяр  хүргэе.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний үүргээ биелүүлэх, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх их үйл хэрэгт  Энхийг сахиулагчид маань  эх орноо төлөөлөн оролцож, хүнд харицлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, дэлхийд монгол хүний, монгол цэргийн ур чадварыг бахархуулах гайхамшигт уламжлал тогтоосон ариун их үйл хэргээр чинь  төр засаг, ард түмэн чинь үргэлж  бахархаж байна.

Дэлхийн халуун цэгүүд  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсуудад энхийн манаанд үүрэг гүйцэтгэж ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн тухайн улсын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн болоод бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, нутгийн иргэдийн итгэлийг хүлээн ажилласан нь монгол түмэн ядарсан, зүдэрсэн нэгэндээ сэтгэлийн гүнээс итгэлийн гараа сунган тусалдаг уужуу сэтгэлтэй, холч ухаантай ард түмэн гэдгээ харуулж чадсаныг  энэ өдөр бахархан тэмдэглэхэд  таатай байна.

Анх 2003 онд Конго улсад цэргийн 2 ажиглагч офицер илгээсэн цагаас хойш эдүгээ давхардсан тоогоор 14 мянга гаруй энхийг сахиулагчид  олон орны дайчин нөхдийн хамт дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд таниулан сурталчилж, ур чадвараа харуулж  чадлаа.

Дэлхийн  энхийн төлөө эх орноо төлөөлөн үүрэг гүйцэтгэж ирсэн, одоо үүрэг гүйцэтгэж яваа энхийг сахиулагчдын найдвартай ар тал,  далд фронтод ажиллаж байгаа  ар гэр, гэр бүлийн гишүүд  энэхүү хүнд үүргийг хамтран гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж байгааг мөн тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс  эх орных эрэлхэг хөвгүүд, охидынхоо  бүтээсэн үйл хэргийг  үнэлэх, үүрэг гүйцэтгэх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэхэд байнга анхаарч ирсэн бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд хүлээлт үүсгээд байсан Батлан хамгаалах салбарын багц хуулийг санаачилан  Улсын Их Хурлаар батлуулсныг Та бүхэнд удахгүй хүлээлгэн өгөх гэж байна.

Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн шинэ хууль эрх зүйн зохицуулалтаар, шинэ дүрэм заавар, стандартаар үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн уламжлалт ариун үйл хэргийг өргөн агуулга, хэлбэрээр баяжуулан үргэлжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол цэргийн хөлс хүч, эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгууулалттай үйл ажиллагааны үр дүнд бий болсон энхийн сахиулах ажиллагааны  ололт, амжилт бол Зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэрэг,  эх орны дархан хилийг  манаж яваа хилчид,  ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа цагдаа, гамшиг аюулын эсрэг тууштай тэмцэгт онцгой байдлын болон тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын төлөөлөгчдийн оролцоотойгоор бүтсэн нөр их  хөдөлмөр, зүтгэл учир монгол хүн бүрийн бахархах ёстой гавьяат үйл хэргийн нэг  билээ.

Эрхэм хүндэт нөхөд өө!

Төр засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж өгсөн Олон улсын энхийг сахиулах ажиллагааны командлал, Та бүгдийн хань ижил, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд дахин талархал илэрхийлж, Энхийг сахиулагч цэнхэр дуулгатан дайчин нөхөддөө эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.

Баярлалаа” гэлээ.




Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …