Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Маха, Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын Гадаад хэргийн сайд Никола Попоски, Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Лёомпо Дамчо Доржи, БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралек, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Ерлан Идрысов нартай уулзав.
Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатай хийсэн уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын санаачилгаар Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаарх бодитой судалгаа, шинжилгээний ач холбогдлыг тэмдэглэв. Тэрбээр дээрх төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Балба Улс даруй соёрхон батлахыг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан захидлыг уламжлав. Балба Улс уг хэлэлцээрийг соёрхон батлахын төлөө байгаа гэдгээ илэрхийлж, Сайд Ц.Мөнх-Оргилыг энэ оны 11 дүгээр сард Балба улсад айлчлахыг урив.
Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улсын Гадаад хэргийн сайд Никола Попоскитэй хийсэн уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газраас чухал ач холбогдол өгч буй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн талаар мөн танилцуулж, энэхүү төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Македон Улс соёрхон батална хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Македоны Гадаад хэргийн сайд манай хүсэлтийг анхааралтай судалж үзэхээ мэдэгдээд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг тааламжтай үедээ Македон Улсад айлчлахыг урив.
Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Лёомпо Дамчо Доржитэй хийсэн уулзалтын үеэр Бутаны Хаан Жигме Кхесар Намгьян Вангчукд илгээж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захидлыг сайд Ц.Мөнх-Оргил гардуулж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг найрсаг Бутан Улс ойрын хугацаанд соёрхон батална хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.
БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралектэй хийсэн уулзалтын үеэр Сайд Л.Заоралек Монголын сайхан оронд зочилж байснаа таатайгаар дурсдаг гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэнд дэвшүүлж, сайд Ц.Мөнх-Оргилыг боломжтой цагтаа БНЧУ-д айлчлахыг урилаа. Сайд Л.Заоралек Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Чехийн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байгааг хэлээд тус улсын тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нөхөн сэргээх, сайжруулах төслийг дурдаж, энэ төрлийн хөгжлийн төслүүд хэрэгжүүлвэл үлдэц сайтай болохыг онцлов. Сайд Ц.Мөнх-Оргил эдийн засгийн хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг татан оролцуулахын чухлыг онцолж, Чех улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байгаад талархал илэрхийлэв. Олон жилийн уламжлалт харилцаатай хоёр орны иргэд хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, агаарын үйлчилгээний салбарт хамтрах боломж бололцоо байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс ба Чех, Европын Холбооны бусад улсын харилцаа өргөжиж байгаа тул Улаанбаатар дахь Чехийн Элчин сайдын яамыг хүний нөөц, техникийн хувьд бэхжүүлэх төлөвлөгөөтэй байгааг сайд Любомир Заоралек мөн уулзалтын үеэр дуулгав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй хийсэн уулзалтын үеэр талууд өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, цаашид уг айлчлалын мөрөөр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох нь чухал болохыг онцлов. Түүнчлэн ойрын үед харилцан хэрэгжүүлэх айлчлалууд болон 2017 онд зохион байгуулах Монгол, Хятад, Оросын гурван талт уулзалтын асуудлаар санал солилцов.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ён Хотой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа урьдын адил хөгжүүлэхээ илэрхийлэхийн хамт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх манай улсын байр суурийг нотлов. Түүнчлэн талууд Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын 10 дугаар хуралдааныг ирэх 2017 онд Улаанбаатар хотноо хийх талаар санал солилцов.
Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Ерлан Идрысовтай хийсэн уулзалтын үеэр Сайд Е.Идрысов Монгол Улс өнгөрсөн долдугаар сард өөрийн орондоо АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, тус улсын чухал түнш орнуудын нэг болохын хувьд цаашид хоёр улсын эдийн засаг, хөдөө аж ахуй болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Балхашмысын өрийн асуудлыг хэлэлцэж энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулахаа мэдэгдэв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Казахстан Улсад зохион байгуулагдах ЭКСПО 2017-д Монгол Улс оролцохыг мэдэгдэж, хамтын ажиллагааг эдийн засгийн чиглэлд түлхүү хөгжүүлэхийн чухлыг мөн тэмдэглэж хэлэв. 2017 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа болно.