УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн иргэд сонгогчтойгоо сар бүрийн сүүлчийн долоо хоногийн бямба гаригт уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн бямба гарагийн 14 цагаас тэрбээр Баянзүрх дүргийн иргэдтэй ээлжит уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийнхаа уулзалтаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын ээлжит чуулганаар баталсан хууль, УИХ тогтоолын талаар иргэдэд танилцуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдийн асуусан асуултанд хариулт өгөхөөр Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж иргэдтэйгээ санал бодлоо солилцлоо.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, санал гомдол, өргөдлийг судлан шийдвэрлэхээр Гэр хорооллын хөгжлийн газар Нийслэлийн Засаг Даргын 2016 оны А/674 тоот тушаалаар тусгай ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгааг хэллээ. Мөн иргэд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлаар ихээхэн санал гомдол гаргаж байгаатай холбогдуулан Б.Саранчимэг гишүүн дараагийн уулзалтандаа энэ чиглэлийн салбарын мэргэжилтнүүд болох Нийслэлээс боловсрол, эрүүл мэнд хариуцсан холбогдох хүмүүсийг оролцуулахаар болжээ.