НИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын Шенянь хотын Хятадын асуудал хариуцсан орлогч дарга Жен Жи Жунийг хүлээн авч уулзлаа. Шенянь хотын удирдлагын зүгээс Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй Шенянь хотын Хятадын асуудал хариуцсан орлогч дарга Жен Жи Жунийг Улаанбаатар хотод тавтай зочлохыг хүсээд “Улаанбаатар хотод болсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд Шенянь хотоос 4 хүн ирж оролцсон. Тэр үед 2 хотын хамтын ажиллагааны суурь тавигдсан. Энэ удаагийн уулзалт ч дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл болно гэж бодож байна” гэсэн юм.
Шенянь хотын Хятадын асуудал хариуцсан орлогч дарга Жен Жи Жунь хэлэхдээ “Юуны өмнө биднийг цаг зав гарган, хүлээн авя уулзсан танд баярлалаа. Бид Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтоох туйлын хүсэлтэй байна. Манай хот бол БНХАУ-ын үйлдвэрлэлийн гол хот. Зүүн хойд Азийн эдийн засаг, соёл урлаг төвлөрсөн хот юм. Одоогоор 14 улсын 19 хоттой ах дүүгийн, 24 улсын 63 хоттой найрамдалт харилцаатай. Энэ удаад Улаанбаатар хотод ирсэн зорилго нь 2018 онд Шенянь хотод болох өвлийн хотуудын дарга нарын уулзалтад танай хотоос оролцохыг урьж байна.” гэлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй зочдын хэлсэн саналыг дэмжиж байгаагаа хэлээд бүх л талаар хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.