Тус прокурорын газраас 2016 оны эхний 8 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 3218 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласны 3026 буюу 93.2 хувийг зам тээврийн осол эзэлж байх ба үүний дотор нийтийн тээврийн жолооч нараас гаргасан 129 осолд хяналт тавьж шийдвэрлэсэн байна.
Судалгааны дүнгээс үзвэл, нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК-ийн жолооч нар зам тээврийн 12 осол гаргаж үүний улмаас 2 хүн нас барж, 1 хүн хүндэвтэр гэмтсэн, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар прокурорын мэдэгдлийг 2 удаа тус компанид хүргүүлсэн ба тухайн мэдэгдлийг үндэслэн нийтийн тээврийн “Сутайн буянт” ХХК-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр шалгалт хийжээ.
Шалгалтаар, Монгол улсын стандарт “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу нийтэд тээврээр үйлчлэхдээ техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж байгаа эсэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, мэргэшсэн жолооч ажиллуулж байгаа эсэх, ажил амралтын горим зэргийг шалгасан байна.
Шалгалт хийх үеэр 61 тээврийн хэрэгслийг ажилд гаргасан байх ба буусан 28 тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио, шил арчигч ажиллаж байгаа эсэхийг шалгахад үзэхэд дараахь зөрчлүүд илэрчээ.
1. Тээврийн хэрэгслүүдийг ажлаас буухад болон гарахад нь тоормозыг шалгадаг гэх боловч компанийн хашаан дахь талбайн зай бага, шороон замтай байгаа нь стандартын шаардлага хангаагүй, 6 автобусны хурд хэмжүүр болон ар талын оврын гэрэл ажиллахгүй, 1 автобусны хол ойрын гэрэл асахгүй, 7 автобусны дуут дохио ажиллахгүй, 3 автобусны шил арчигч ажиллагаагүй байжээ.
2. 2016 оны 09 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд ажилд гаргасан тээврийн хэрэгслүүдийн шалгах хуудастай танилцахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 61 автобус ажилд гаргаснаас 25 жолооч, 09 дүгээр сарын 08-ны өдөр 24 жолооч тус тус ээлжгүйгээр ажилласан байх ба тухайн 2 өдөр ээлжгүй ажилласан дээрх жолооч нараас 4 жолоочоос бусад нь 12-с илүү цагаар ажиллажээ.
Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “жолооч … ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг зөрчихөд хүргэж улмаар осолд зохих хэмжээгээр нөлөөлж байна.
3. Тус компанид 125 жолооч ажиллаж байгаагаас 13 жолооч мэргэшсэн үнэмлэхгүй байгаа нь Монгол Улсын стандарт болох “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын 8.2.1 дэх заалтыг зөрчжээ.
Нийтийн тээврийн компани тээврийн үйлчилгээг ард иргэдэд аюулгүй, найдвартай үзүүлэх үүднээс Монгол Улсын стандарт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжид заасны дагуу техникийн хувьд бүрэн тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоочийн ажил, амралтын горимыг хэрэгжүүлж ажиллах, мэргэшсэн жолоочийг ажиллуулахад компанийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байх тул дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх зорилгоор Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 26, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Прокурорын мэдэгдлийг Нийслэлийн Тээврийн газар болон “Сутайн буянт” ХХК-д тус тус хүргүүлжээ.
Эх сурвалж:prokuror.mn