Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

76808_147410-702x336

Цаг уур орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Урьдчилсан төлвөөр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас ахиу орохоор байгаа аж.

Хур тунадас ахиу орох нутгуудаар цас хайлмагтан мөстөж мал бэлчээрлэхэд мөн халтиргаа гулгаа үүсч зам тээврийн ажилд хүндрэл үүсч болзошгүй.

2016 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу гарсан Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг зөвлөж байна.

tsag agaar

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагасаас бага зэрэг хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увс, Баянхонгорын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэс бага зэрэг хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөлийн зүүн өмнөд, Архангай, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нийт нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан ба Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагасаас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Энэ сард Хэнтийн зүүн өмнөд, Сүхбаатарын хойд, Дорнодын хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо, сүүлчээр нь зарим газраар хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан буюу Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээс бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 гадус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар бороо, хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, эцсээр зарим газраар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

maxresdefault

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Монгол Алтайн уулархаг нутаг, Алтайн нурууны өмнөд хэсэг болон зүүн өмнөд говиор дунджаас дулаан, харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хөвсгөл, Булган, Арханай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар дунджаас ахиу орохоор байна.

Хур тунадас ахиу орох нутгуудаар цас хайлмагтан мөстөж мал бэлчээрлэхэд мөн халтиргаа гулгаа үүсч зам тээврийн ажилд хүндрэл үүсч болзошгүй.

2016 оны зуны улирлын цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэлцээ муу гарсан Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг зөвлөж байна.

ОБЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …