МУ-ын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайдад баярласанаа илэрхийллээ

147564633257f4937c5d043

МУ-ын ЗГ-ын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхд монголын улсын анхны хиймэл дагуулын нэр, ажлын явцыг танилцууллаа.

Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Уг хиймэл дагуулыг хөөргөхөд анх төсөвлөгдсөн зардлаас валютийн ханшийн нэмэгдлээс үүдэн 150 сая төгрөг дутаад байгаа аж. Тиймээс Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхд хандаж Засгийн газарт уламжилж өгөхийг хүссэн байна. Шадар сайдын хувьд саналыг нь хүлээн авч ЗГ-т санал оруулсанаар ирэх оны оны төсөвт суулгахаар  болжээ. Харин өнөөдөр хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн МУ-ын Шадар сайд Хүрэлсүхд баярласанаа илэрхийлж, хиймэл дагуул хөөргөх ажлын явцын талаар танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын санаачлага дэмжлэгээр хиймэл дагуул хөөргөх шаардлагатай зардлыг улсын төсвийн тодотголд тусган энэхүү түүхэн үйл явдлын төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх “Манай улс хиймэл дагуултай болно гэдэг нь олон талын чухал ач холбогдолтой. Манай улс хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.Энэ нь тэр дундаа улсын онцгой байдлын албанд маш чухал үр дүнтэй ажил болох юм.  Тиймээс энэ чухал үйл явдлыг бид анхаарах, дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй” хэмээн хэлж ажлын хэсгийнхэнд амжилт хүслээ.

Манай улс анхны “Мазаалай” хиймэл дагуулаа товлосон ёсоор ирэх оны хавар хөөргөхөөр боллоо. Ингэхдээ олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр бэлтгэл ажлаа хийж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтран ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцөлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд хааш хаашаагаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуул бүтээх ажлыг Японы “Кюүшү” технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд болон МУИС-ийн багш, оюутнууд хийж байгаа юм. Товлосон ёсоор ирэх онд анхны хиймэл дагуулаа хөөргөсний дараа 2019 онд дахин нэг хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн тухай Шадар сайд У.Хүрэлсүхд ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …