Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Роберто Бэнесийг 10 дугаар сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр” буюу “Country programme”-ыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх, төрийн болон хувийн байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, сурагчдыг уух усаар хангах зэрэг тодорхой асуудлаар НҮБ-ын Хүүхдийн санг дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр”-ийг 2016 оны 9 дүгээр сарын 14-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар баталсан. Уг хөтөлбөрөөр 26.8 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэнд ба хөгжил, суралцах орчин болон хүүхэд хамгааллын тэгш шударга тогтолцоог хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарах юм.
Эх сурвалж:ГХЯ